Лаборатори судалгааны төв нь компанийн зардал бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулах болон бүтээгдэхүүний төрөл олшруулах зорилгоор туршилт хийхийн зэрэгцээ Баяжуулах үйлдвэрийг төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлж ажиллахад нь технологийн шуурхай тусламж үзүүлэн ажилладаг.
Судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэхэд тоног төхөөрөмж нэн түрүүнд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Лаборатори судалгааны төв нь Чех улсаас эрдсийн анализатор TIMA (Tescan Integrated Mineral Analyzer)-г захиалан авч үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Сая гаруй ам.долларын үнэтэй тус анализатор нь электрон микроскоп дээр суурилсан орчин үеийн технологийн шилдэг шийдлүүд бүхий эрдсийн бүрэн шигжилгээний систем юм. Үүнийг ашиглан хүдрийн минералоги, петрографийн мэдээллийг нарийвчлал өндөртэй гаргаж технологид үүссэн асуудлын шалтгааныг тайлбарлах, ирээдүйд боловсруулах хүдрийн баяжигдах чанарыг урьдчилан таамаглах зэрэг цаг хугацаа, ажиллагаа их шаардсан ажлуудыг чанартай шуурхай хийх боломж нээгдэж байна.
Түүнчлэн TIMA-г ашиглан ордын геометаллургийн загварчлал, хүдрийн технологийн мэдээлэл боловсруулах болон Баяжуулах үйлдвэрийн технологийн хяналт хийх үйлдвэрийн шат дамжлагуудад хүдэр технологийн дагуу боловсруулагдаж байгаа эсэхийг тогтоох боломж бүрдэж байна.
Эрдсийн анализаторийн хэрэглээний сургалт өнгөрсөн долоо хоногт үргэлжилж дууссан байна. Мөн тус анализаторыг суурьлуулахад долоо хоногийг зарцуулжээ. Одоогийн байдлаар төхөөрөмжийг туршилтын байлдаар ажиллуулж байгаа гэж хариуцсан мэргэжилтэн бидэнд мэдээллээ.


















