Өнөөдөр Орхончууд Монгол орны хөгжлийн өнгө чимэг болсон төрөлх Эрдэнэт хотынхоо өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Тэртээ 1975 оны 12-р сарын 11-ний өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 226 дугаар зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны нэгдүгээр сарын 1-ээс Эрдэнэт хот хэмээн нэрлэхээр шийдвэрлэсэн түүхтэй. Тэгвэл Орхон аймгийн ИТХ-ын энэ оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас 01 тоот тогтоол гаргаж, “Эрдэнэт хотын өдөр”- ийг жил бүрийн 12 дугаар сарын 11-нд ёслол төгөлдөр тэмдэглэж байхаар тогтсон юм. Тиймээс энэ өдрийг “Эрдэнэт хотын өдөр” хэмээн тунхаглаж, нийгэм соёл урлаг, спортын олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ өдөр хотын Ерөнхий боловсролын бүх сургуулиуд анхны хичээлээ “Эрдэнэт хотын түүх”-ээр эхэлж, “Миний мэдэх Эрдэнэт хот” сэдэвт эссе бичлэг, гар зургийн уралдааны шилдгүүд тодров. Мөн Төрийн жинхэнэ албан хаагчид тангарагаа өргөж, Нийгмийн дэмжлэгийн сангаас багш эмч нарт “Батламж” гардуулсан юм. Эрдэнэт хотын томоохон хуладаа үйлчилгээний төвүүд “Их хотын хямдрал” зарлаж, нийтийн тээвэр, Сархиа цанын бааз иргэддээ үнэ төлбөргүй үйлчиллээ. Соёл урлагийн тоглолт, спортын олон уралдаан тэмцээн энэ өдрөөр зохион байгуулагдаж, Эрдэнэтчүүд төрөлх хотоороо бахархаж, баярлаж өнгөрөөв.
















