Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын А/702 тоот тушаал гарч, компанийн хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт, өөрчлөлт орсон. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх талаар заасан байдаг. Үүний тулд хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг нээлттэй мэдээлэх арга хэмжээ авахыг тусгасан. Үүнтэй холбогдуулан Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран жендерийн эрх тэгш байдал, ажлын байрны бэлгийн дарамт сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтыг Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Монфемнет Үндэсний сүлжээний сургагч багш нар удирдан багаар ажиллах хэлбэрээр зохион явуулсан нь оролцогчдын сонирхлыг ихэд татлаа. Сургалтанд цехүүдийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, тэргүүлэгч 30 гаруй бүсгүй хамрагдав. Эмэгтэйчүүд энэхүү сургалтаас олж авсан мэдлэг, мэдээллээр өөрийн цехдээ сургалт зохион байгуулах аж.

М.ГЭРЭЛ















