Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭА хариуцсан ажилтнуудад хөдөлмөрийн эрүүл ахуйн мэдлэг олгох, шинээр батлагдсан хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартуудыг хэрэглэх тухай мэдлэг олгох сургалт боллоо.
Эрүүл ахуйн сургалтыг АУ-ны доктор, АШУҮИС-ийн НЭМС-ийн тэнхимийн эрхлэгч Д.Нарансүх удирдан явуулж байна. Мөн МХЕГ-ын хөдөлмөрийн эрүүл ахуй хяналтын улсын ахлах байцаагч З.Мөнхтуул, Хөдөлмөрийн эрүүл ахуйч эмч, НЭМ-ийн магистр Д.Болдмаа нар сургалтыг зааж байгаа аж. Өнөөдрийн сургалтаар хөдөлмөрийн эрүүл ахуйн ерөнхий ойлголт, хөдөлмөрийн нөхцлөөс шалтгаалан үүсгэгддэг өвчлөл, тэдгээрийн урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвийг хамруулж байна.
Бүтэн өдрийн турш болох тус сургалтанд эрсдлийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, ажлын байранд эрдсийн тоосны өртөлтөөс ажилтныг хамгаалахад тавих ерөнхий шаардлага, ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага стандарт зэрэг нарийн нягт мэдээ мэдээллийг багтааж байгаагаараа өндөр ач холбогдолтой болж байгаа хэмээн сургалтанд хамрагдаж буй ХАБ-ын инженерүүд дүгнэж байна. Хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалтанд нийт 85 ажиллагсад хамрагдлав.


















