Эрдэнэт үйлдвэрийн АТБ-ын анхдагч, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Жанчивдорж гавьяаныхаа амралтыг эдлэж буй ч гар хумхин зүгээр суусангүй өөрийн бүтээл болох анхны номоо үйлдвэрийнхээ 40 жилийн ойд зориулж хэвлүүллээ.
Хүн өөрөө түүхийн гэрч, түүх нь өөрөө хүний тухай байдаг гэх бодол уг номын эхний хуудаснаас харахад л бодогдоно. Учир нь манай үйлдвэрийн АТБ-ын анхдагч, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Жанчивдорж гуай Эрдэнэт хоттой амь амьдралаа холбосон тэр цагаас эхлэн амьдралын баялаг зузаан намтар түүхээ баримт болгон ийнхүү “Өөрийгөө хайрла” хэмээх 100 гаруй шүлгээс бүрдсэн номоо хэвлүүлж уншигч таны гарт хүргэж байна. Бага залуугаасаа шүлэг яруу найраг сонирхон оролдож байсан тэрээр аварга том белаз машины бүхээгнээс буучихаад гэртээ зүгээр суулгүй өөрийн сонирхолыг хөгжлүүлж урьд өмнө нь тэрлэж байсан шүлгүүдээ эмхэтгэхийн сацуу шинэхэн шүлгүүдээ ч тус номонд багтаажээ.
Түүний шинэхэн бүтээл эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн тухай, эх орны бүтээн байгуулалтын гайхамшигт түүх, гар сэтгэл нийлэн хамтран ажиллаж байсан анд нөхдийнх нь гэгээн сайхан дурсамж, насан туршдаа гэргийн сайхан хайр халамжаар дутаагаагүй ханьдаа зориулсан шүлгүүд нь уншигч таньд таалагдах нь гарцаагүй биз ээ.

















