Ахмад хоккейчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө Эрдэнэт хотын мөсөн талбайд үргэлжилж байна. Тус тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, Монголын хоккейн холбоо, “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн удирдлагууд оролцлоо. Энэхүү тэмцээнд Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймаг, Сэлэнгийн Бугант, Шарын гол, Мандал сумын долоон багийн 80 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээн энэ сарын 31-нд өндөрлөж, шилдгүүдээ тодруулна. Одоогийн байдлаар Улаанбаатар хот, Дархан-Уул аймгийн баг ахмад хоккейчдын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээнийг хошуучилж байна.
Нээлтийн үеэр Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” шигшээ баг лигийн 1, 2-р тойргийн тэмцээнд амжилттай оролцсоныг онцолсон. Хоккейн лигийн 3-р тойргийн тэмцээн ирэх сард Нийслэлийн Багануур дүүрэгт болно. Ширүүн өрсөлдөгчөө мөсөн талбайд дахин хожиж, “Хангарьд”-ынхан хоккейн лигийн аваргаар 4 дэх удаагаа тодрох мөчийг хөгжөөн дэмжигчид нь тэсэн ядан хүлээж байна.









Сэтгүүлч У.Цэрэнбат
Зурагчин А.Баясгалан















