Монгол улсын компанийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулийн заалтаар үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниуд Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтад хамрагдаж гэрчилгээ авах учиртай. Энэ чиглэлийн сургалт Эрдэнэт үйлдвэр дээр боллоо.
Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь гурван өдрийн хөтөлбөртэй байдаг. Эрдэнэт үйлдвэрийн удирдах шатны ажилтнууд тус сургалтын хөтөлбөрийг шахуу програмтайгаар үзэж нэг өдрийн турш багтаан үзсэн байна. Сургалтын үеэр компанийн засаглалын ойлголт ач холбогдлыг засаглалын хөгжлийн төвийнхөн дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө. Сургалтад компанийн засаглалын бүрэлдэхүүн хэсэг хувьцаа эзэмшигчдийн эрх, ТУЗ-ын үйл ажиллагаа, ТӨК засаглалын онцлогийг тайлбарлах, дотоод хяналтын тогтолцоо зэрэг сэдвийг багтаажээ.
Өнөөдрийн сургалтад манай компаниас 14 хүн оролцсон байна. Тэд өмчлөл ба удирдлагыг салгах нь, Эзэн ба удирдлагын асуудал, түүх, онолын асуудлууд болон дэлхий дахины чиг хандлага, компанийн тухай хууль, сайн засаглал ба дэлхийн зарим компанийн жишээг ярьж байна. Мөн ТУЗ-ын үүрэг роль, ТУЗ-ийн бүтэц, үйл ажиллагаа стратеги боловсруулалт ба хэтийн зорилго ТУЗ-ийн үйл ажиллагааг үнэлэх зэрэг маш өргөн хүрээний мэдээ мэдээллийг хүлээн авсан юм.

















