Эрдэнэт хотын IV сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Бямбамаагийн Солонго нэртэй гэгээхэн охины “Солонгон цэцэг” шүлгийн ном шинээр мэндэллээ.Уг шүлгэн номонд авъяаслаг Солонго охины 30 гаруй шүлгүүд болон богино мөртүүд багтжээ.
“Солонгон цэцэг” номны редактораар Эрдэнэт үйлдвэрийн ОНХА-ны найруулагч Цанаширын Батбаатар, зөвлөхөөр ОНХА-ны радиогийн сэтгүүлч Алтанхуягын Бямбамаа ажиллав. Б.Солонго охинд зориулсан редакторын үгийг хүргэе:
Монгол хэл аугаа баян бас яруу тансаг ч гэсэн хүн бүр өөртөө таарсан шүлэг бичихийг оролддог. Харин монгол хүн бүр яруу найрагч байдаггүй.Тэр дундаа дунд сургуулийн жаахан охин шүлгийн ном гаргана гэдэг цөөхөн тохионо. Магадгүй яруу найргийн сүмбэр оргилууд ийм бүтээлийг туурьвидаг гэж уншиж байсан юм.
Бурхан хүн төрлөхтөнтэй хэлцэл хийж борооны дараа Солонго татуулдаг болсон гэдэг. Учир нь усаар шийтгэхгүй гэж тэр. Тэгэхээр Солонго бол бурхан эзний нэгэн бүтээл. Б.Солонго охины шүлгүүдийг уншихад энэ л амьдарлыг их л нухацтай харсан байх юм. Ертөнцийг аврах анагаах тийм л өнгө бол эх газрын ногоон өнгө, амар амгалан. Яруу үгс тэнгэрт нумран газарт хөллөх Солонго шиг ертөнцийг анирдан ухаарал, бодрол болон хүмүүний сэтгэлд хоногшин гайхагдах тийм л өдөр ойрхон байгаа.
Эрхэм дүүд бурхан эрүүл их ухаанаар шагнаж оюуны баялаг бүтээх их үйлсийг нь дэмжээсэй. Гэрэлд ойр хүн номонд ойр, номонд ойр хүн ертөцөд ойр байдаг. Хөрстийг ундаалах бороо шиг олон шүлэг бичиж, бичсэн шүлгүүд чинь Солонго шиг ертөнцийн хүмүүсийн зүрх сэтгэлийг баясган татах болтугай.
















