Засвар механикийн заводын Цутгуурын цехийн Илчийн боловсруулалтын тасагт ажлын байрны агаар цэвэрших алхам хийгдлээ. Чех улсад үйлдвэрлэсэн цагт 30000 м3 агаар сорох хүчин чадалтай “Ротоклон В-9, В-10” төхөөрөмжийг тэнд саяхан шинээр суурилуулав. Энэ ажлыг Засвар монтажийн цехийн ажиллагсад хийсэн. Мөн металлын агуулгатай тоос барих зориулалттай агаар хуйлруулагчийг Засвар механикийн заводын Металл хийцийн хэсгийнхэн техникийн зургийн дагуу угсарч ажилд оруулав.
Энэ талаар Цутгуурын цехийн эрчим зүйч Л.Энхтөр “Манай цехийн Илчийн боловсруулах тасгийн үрлээр цэвэрлэх төхөөрөмжийн болон гагнуурчны ажлын байр тоосжилт, угаар ихтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн шалгалтаар ажлын байрны сөрөг хүчин зүйлс зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан учраас үүнийг бууруулах зорилгоор агааржуулалтын системийг сольсон. Шинээр суурилуулсан ротоклон нь соруулсан шороо, тоосоо усаар цэвэрлэж хаядаг сүүлийн үеийн технологи юм. Металлын агуулгатай тоос, металлын үрлийг цуг сордгоос өмнөх ротоклоны их бие хугацаанаасаа өмнө элэгдсэн. Иймээс өөр газар ашиглагдахгүй байсан циклон буюу агаар хуйлруулагчийг техникийн зургийн дагуу төхөөрөмждөө тохируулан өөрчилж, нэмэлтээр суурилуулсан. Ингэснээр ротоклоны ашиглалтын хугацаа уртасна. Агааржуулалтын системийг хамтад нь суурилуулснаар ажлын байрны тоосжилт тодорхой хэмжээгээр буурна. Энэ төхөөрөмжийг суурилуулахад Засвар монтажийн цехийн н.Батчулуун даргатай Механикийн, Ж.Мэндхүү даргатай Агааржуулалтын бригад шуурхай ажиллаж, сар гаруйн хугацаанд гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Одоо туршилтын ажил явагдаж байна” гэв.


Я.ЭНХТУЯА















