Монголын бүтээмжийн төвөөс Японы бүтээмжийн төв, НҮБ-ийн Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Ази-Номхон далайн чанарын байгууллага, БНСУ-ийн бүтээмжийн төв, Азийн бүтээмжийн төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Бүтээмжийн статистик ба Мальколм балдрижийн загварт суурилсан бүтээмжийн менежментийн тогтолцоо” сэдэвт сургалт хоёр өдрийн турш Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Уг сургалтад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөгжлийн хэлтсийн Инновацийн төвийн инженер Ё.Мөнхтунгалаг, Засвар механикийн заводын бүтээмжийн менежер Г.Эрдэнэдаваа, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтэн Г.Мөнхцэцэг оролцлов.
Уг сургалтыг дараах бүрэлдэхүүнтэйгээр экспертүүд хамтран зохион байгуулсан.
- Ясухико Иноуэ, Японы бүтээмжийн төвийн менежментийн зөвлөх
- Донг Гуо, НҮБ-ийн Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, худалдааны статистикч
- Харнек Сингх, Ази-Номхон далайн чанарын байгууллагын ерөнхийлөгч,
- Нам Хёк Чо, БНСУ-ийн бүтээмжийн төвийн зөвлөх

2016 оноос Инновацийн төв бүтээмжийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг, Захиргаа хүний нөөцийн хэлтэс өөрийн үйл ажиллагааг тус тус үнэлэх зорилгоор Мальколм Балдрижийн загварт суурилсан “Бизнесийн төгөлдөршил” 1000 онооны үнэлгээний аргачлалыг боловсруулан үнэлгээг хийдэг. Иймээс тус үнэлгээний ач холбогдлыг ойлгох, үнэлгээний аргачилалыг боловсронгуй болгох, сайжруулах, олон улсад хэрхэн хэрэглэдэг талаас туршлага судлах, цаашид компанийн хэмжээнд үнэлгээг нэвтрүүлэх боломжийг бий болгоход сургалтын зорилго оршино.
Сургалтад оролцогчид улс орны эдийн засгийн өсөлтөд бүтээмжийн орцын хувьсагч болох үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөдөлмөр, хөрөнгө, нийт хүчин зүйлийн нөлөөллийг хэрхэн дүн шинжилгээнд авч үзэх талаар суралцсан. Мөн түүнчлэн бүтээмжийн статистикийн хуулийн зохицуулалт, байгууллагын бүтэц, тодорхой улс оронд тохирох бүтээмжийн хэмжилтийн арга барилуудын тухай Япон, Сингапур, БНСУ-ийн орнуудын жишээнүүдтэй танилцсан байна.
Мальколм билдриж загвар нь 7-н ангиллын талбар үнэлгээ хийх замаар бизнесийн удирдлагад аль хүчин зүйлс нь илүү ач холбогдолтой болох, мөн түүнчлэн тэдгээрт хэрхэн үнэлгээ хийх, ашиглах талаар ойлголтуудыг эзэмшүүлсэн юм.
Байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийг хэмжих ач холбогдол, дээрх Азийн тэргүүлэх улсуудад хэрэгжүүлсэн бизнесийн төгөлдөршлийн загварууд, улсын бодлоготойгоо хэрхэн уялдуулсан, хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө, хууль зүйн болон байгууллагын тогтолцоо, тэргүүн туршлагаа дадлага туршлагатай олон улсын экспертүүд оролцогч нартай хуваалцсан юм.















