Баяжуулах үйлдвэрийн хамт олон Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны сарын хүрээнд Орос мэргэжилтнүүд болон нийт ажиллагсадынхаа дунд “Письмо другу” буюу “Талархалын захидал” аяныг зохион байгуулж өнөөдөр шилдэгүүдээ тодруулав. Монгол, орос ажилтнууд бие биедээ чин сэтгэлийн талархал илэрхийлэх уг аяныг Технологийн сургуулийн Орос хэлний төвтэй хамтран зохион байгуулсан. Аяны хамрах хүрээг Орос мэргэжилтнүүдээр хязгаарлаагүй бөгөөд залуу ажиллагсдыг татан ороцуулахыг зорьсон билээ.
Орос мэргэжилтнүүдийн үнэлж баршгүй гавъяа, нөхөрсөг тусч сэтгэлд талархаж явдгаа захидлаар дамжуулан илэрхийлэх боломжийг олгож байгаагаараа энэ удаагийн аян онцлог юм. Энэхүү аян долоо хоногийн хугацаанд үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргав.Аяны хаалтын үйл ажиллагааны үеэр хамгийн санаачлагатай оролцсон хамт олон, сэтгэл хөдөлгөм захидлыг шалгаруулж урамшуулав.
Дулаан агааржуулалтын хэсгийн цахилгаан механик Роснов нийт 11 захидал хүлээн авсанаар хамгийн олон талархалын захидал хүлээж авсан ажилтнаар шалгарав. Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин Отгондалай өөрийн багш Галкин Сергей Матвеевич-д шавийн зүгээс сэтгэлийн үгтэй шүлгэн захидал илгээсэн нь шилдэг захидлаар тодорсон байна.















