Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд намар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 92 хувийн гүйцэтгэлтэй байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв. Нийт 23 цехээс 18 нь өнөөдрийн байдлаар өвөлд бэлэн болжээ. Харин цаг хугацааны байдлаас шалтгаалсан 10 гаруй төрлийн ажил хүлээгдэж байгаа аж. Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуй нь үйлдвэрлэлийн онцгой обьект учраас өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг тусад нь боловсруулан ажлын комисс ажиллаж байгааг албаны эх сурвалж хэлэв. Энд шүүрлийн сувгийг цэвэрлэх ажлыг Мон-Энерго компани гүйцэтгэж байгаа бөгөөд хүйтрэхээс өмнө дуусгахаар төлөвлөснийг өвлийн бэлтгэл хангах ажлын хэсэг тодотголоо.
10 дугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг Үйлдвэрлэлийн хэлтэс нэгтгэн гаргасан байна. Эхний хорь хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100 аас дээш хувиар давж биелэв. Тухайлбал, уулын цул гаргалт 103,6 хувь, хөрс хуулалт 110,9 хувиар биелж, хүдэр боловсруулалт 5000 тонноор давж биелсэн байна. Хүдэр дэх зэсийн агуулга 0,49, молибден 0,0186 хувьтай байсан бол металл авалт 88,9 хувь, молибден 54,3 хувийн бодит гүйцэтгэлтэй байв. Сарын эхний хорь хоногт Эрдэнэт үйлдвэрийнхэн 139 тонн зэс зэсийн баяжмалд, 77 тонн молибденийг молибдений баяжмалд тус тус төлөвлөснөөс илүү үйлдвэрлэсэн байна. Мөн чанарын бүх үзүүлэлтүүд энэ хугацаанд давж биелснийг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв.















