Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсээс “Удирдагчийн 70 хувийн нөлөөлөл” аяныг зохион байгуулж байна. Тухайн хамт олондоо манлайлагч буюу бусдад эерэгээр нөлөөлж чаддаг удирдагчдын идэвх санаачилгыг дээшлүүлэх зорилгоор энэхүү аяныг өрнүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, ажлын байранд хүн бүр манлайлагч байх боломжийг бүрдүүлэх, манлайлагчийг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлжээ.
“Удирдагчийн 70 хувийн нөлөөлөл” аян үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн мастер, шугаман инженер техникийн ажилтнууд, дунд шатны удирдлагуудын дунд өрнөнө. ХАБЭА-н ажлын байрны удирдлагын манлайллыг сайжруулах боломж нь удирдагчийн зан үйлийн 70 хувиас хэрхэн хамаарч байгаа болон ХАБЭА-н үйл ажиллагаанд ажилтнуудын бүтээлч оролцоо, удирдлагын манлайллыг идэвхжүүлсэн үр дүнг үндэслэн аяны шагналтнуудыг тодруулах аж. “Удирдагчийн 70 хувийн нөлөөлөл” аян ирэх сарын 15-ны өдөр дүнгээ гаргана.















