Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Баяжуулах үйлдвэрт энэ долоо хоногт “Талархлын захидал” аян өрнөж байна. Энэ талаар тус цехийн бүтээмжийн менежер Л.Уранцэцэгээс тодрууллаа.
-Монгол, Орос ажиллагсдын хамтын хөдөлмөрийн үр шимээр “Эрдэнэт” үйлдвэр, энэ хот сүндэрлэснийг бид мартах учиргүй. Тиймээс манай хамт олон жил бүрийн Ялалтын баяр, Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдэд олон талт ажил санаачилан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ сарын эхээр Сэлэнгэ мөрөн дээр загасчлалын тэмцээн явуулсан. Өнөөдөр монгол, орос ажилтнууд бие биедээ чин сэтгэлийн талархал илэрхийлэх аяныг Технологийн сургуулийн Орос хэлний төвтэй хамтран эхлүүлж байна. Үүнд орос мэргэжилтнүүдээс гадна залуу ажиллагсдыг татан оролцуулахыг зорьж байгаа. Орос мэргэжилтнүүдийн үнэлж баршгүй гавьяа, нөхөрсөг тусч сэтгэлд талархаж явдгаа захидлаар дамжуулан илэхийлэх боломжийг ажиллагсдад олгож байгаагаараа онцлог юм. Энэхүү аян маань 10-р сарын 31 хүртэл үргэлжилнэ. Аяны төгсгөлд хамгийн санаачилгатай оролцсон хамт олон, сэтгэл хөдөлгөм захидлыг шалгаруулж урамшуулна. Өнөөдөр эхний захидлыг Механикийн албаны зохион бүтээгч инженер Маликов.Е.В хамт олноосоо гардаж сэтгэл догдлон уншлаа. Мөн Нунтаглан баяжуулах хэсгийн механик Вислогузов Н.М, Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин Мельник хоёрт чин сэтгэлийн талархлын захидлыг монгол үндэсний цамцтай хамт гардууллаа. Удахгүй “Эрдэнэт” телевизтэй хамтран “Малчны хотонд” нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдийн хүртээл болгох, орос мэргэжилтнүүдийг Амарбаясгалан хийдэд аялуулах гээд төлөвлөсөн ажлууд эхнээсээ хэрэгжээд явж байна.
-Бүтээмжийн чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна?
-Бид бүтээмж инновацийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр бүтээмжийн ахисан түвшний арга хэрэгслүүдийг хэрэглэх зорилт тавин ажиллаж байна. Бүтээмжийн зөвлөлөөс өнгөрөгч онд хэрэгжүүлсэн 6 сигма, Бенчмаркинг төслүүд сайжруулалтын шатандаа явж байна. Бенчмаркинг төслийн хүрээнд бид Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудын манлайллын түвшинд тандалт судалгаа хийж нийтлэг давуу болон сул талуудыг тодорхойлсон. Мөн “Ногоон бүтээмж”-ийн арга хэрэгслүүдийг хэрэглээнд оруулах ажил эхэлсэн. Бид инженер техникийн ажилтнуудынхаа ур чадварыг сайжруулж манлайллыг дээшлүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд зарим удирдах ажилтны туршлагаас суралцах, тодорхой чиглэлүүдээр мэдлэгээ дээшлүүлэх, биечлэн үлгэрлэн манлайлах ажлыг зохион байгуулна. Мөн Бүтээмжийн зөвлөлөөс ойрын үед ХАБЭА-н хэлтэстэй хамтран “Манлайллын хөтөлбөр” хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
-Баярлалаа.
М.ОДГЭРЭЛ















