Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачилсан “Ягаан сандал” хөтөлбөр амжилттай батлагдаж хэрэгжих шатандаа оржээ. Эрдэнэт үйлдвэрт нийт 2000 эмэгтэй ажилчид эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж Эрдэнэт үйлдвэр, Орхон аймаг төдийгүй улс эх орны хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна. Үйлдвэрийн эмэгтэйчүүд нийт ажилтны 30 гаруй хувийг эзэлдэг бөгөөд эмэгтэй ажилтнуудад үйлдвэрийн автобусаар зорчиход суудал олж суух, суудал хүрэлцэхгүй байх хүндрэлтэй асуудлууд байнга тулгардаг. Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэн, автобусны урд хаалгаар зөвхөн эмэгтэйчүүд ордог байх, автобус бүрт дөрвөн суудлыг эмэгтэйчүүдэд зориулсан ягаан бүрээстэй болгох саналыг ерөнхий захирал Х.Бадамсүрэнд хүргүүлжээ.
“Ягаан сандал” хөдөлгөөн олон улсын хэмжээнд автобус, метро зэрэг нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай зорчих боломжийг бий болгодгоороо давуу талтай байдаг ба нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд зарим байгууллага, хувь хүмүүсийн санаачилгаар автобусны суудлын түшлэгийг ягаан даавуун бүрээстэй болгох ажил хэрэгжиж эхэлжээ. Эмэгтэйчүүдээ хүндэтгэн "Ягаан суудал" аянд идэвхтэй оролцохыг Эмэгтэйчүүдийн холбооноос уриалж байна.

















