Жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногт Нийтийн аж ахуй, үйлчилгээний ажилтны баяр тохиодог уламжлалтай. Эрдэнэт үйлдвэрийн Үйлчилгээ аж ахуйн албанаас мэргэжлийн баярын энэ өдрөөр нийт үйлчилгээний ажилтнуудынхаа дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулж, дүгнэсэн байна.
Үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулахад тус уралдааны зорилго чиглэжээ. Ажил мэргэжлийн уралдаанд нийт 8 цехийн 25 үйлчилгээний ажилтнууд оролцож, “Шилдэг албан өрөөний үйлчлэгч”, “Шилдэг ариун цэврийн өрөөний үйлчлэгч” гэсэн хоёр төрөлд ур чадвараараа өрсөлдөв. Уралдааны шүүгчээр Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Чанар стандарт хариуцсан мэргэжилтэн Б.Энхтөр, тус газрын сургагч багш Х.Цэцэгмаа, Б.Соёлмаа нар ажиллаж, үйлчилгээний ажилтнуудын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
Ажил мэргэжлийн уралдааны “Шилдэг албан өрөөний үйлчлэгч” ангилалд Үйлчилгээ аж ахуйн албаны үйлчилгээний ажилтан Ё.Бурмаа тэргүүлж, А.Лхамсүрэн, Н.Бат-Эрдэнэ нар удаах байранд шалгарсан байна. Харин “Шилдэг ариун цэврийн өрөөний үйлчлэгч” ангилалд С.Чанцалнямаа, С.Эрдэнэ-Ундрах, Н.Батсуурь нар эхний байруудыг эзэллээ.
Үйлчилгээ аж ахуй албанаас зохион байгуулсан Ажил мэргэжлийн уралдааны аваргуудад шагналыг нь Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр, үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн З.Жаргалмаа, Үйлчилгээ аж ахуйн албаны дарга Б.Туяа нар гардуулж, баяр хүргэв. Үйлчилгээний ажилтнуудын сэтгэл зүтгэл хүн бүрийн нүдэнд ил байдаг. Тиймээс манай ажилтнуудын ур чадвар, ажилдаа хандах хандлагыг өндөр хэмжээнд байгааг шүүгчдийн зүгээс үнэлсэн нь бидэнд их урам өгч байна гэж тус албаны дарга Б.Туяа мэндчилгээндээ онцоллоо.



















