Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАБОХХ, Эрд Сүлж компанитай хамтран хөдөлмөр хамгааллын хувцасны өнгө загвар, хийцийг шинэчлэх зорилгоор ажиллагсдынхаа санал авах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна. Тухайн ажилтаны ажлын онцлог, шаардлагад нийцсэн хөдөлмөр хамгааллын хувцсыг оёж нийлүүлэхийн тулд шинээр гаргах загвар хийцдээ ажилчин бүрийн саналыг тусгах үүднээс уг санал асуулгыг жилийн турш зохион байгуулжээ. Өчигдөр санал асуулгын сүүлчийн үйл ажиллагаа боллоо. Санал асуулгын үр дүнд олон шинэлэг санаа ажилчдын зүгээс ирснийг ХАБЭАБОХХ-ийн мэргэжилтнүүд онцлов. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн химийн бодистой байнга ажилладаг ажилтнуудын хамгаалах хэрэгсэл хувцасны иж бүрдэлд нэмэлтээр галд тэсвэртэй малгай, гагнуурчдын ажлын хувцасанд илгэн материалыг түлхүү оруулах зэрэг оновчтой саналууд дэмжигдсэн байна. Ажиллагсдын саналыг тусгаж, тэдний эрэлт хэрэгцээг хангахуйц шинэ загварын хөдөлмөр хамгааллын хувцас ирэх 2018 оны нэгдүгээр улиралд олгож эхлэх юм байна. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын хөдөлмөр хамгааллын хувцасны нийлүүлэлтийг Эрд Сүлж компани дангаараа хариуцдаг. Тус компани хоёр ээлжээр ажиллаж, сард 2000 ширхэг хөдөлмөр хамгааллын хувцас, 12000 ширхэг баяжмалын уут үйлдвэрлэж байна.















