Өнгөрөгч 9 дүгээр сард дэлхийн зах зээл дээрх зэсийн дундаж үнэ 6583 ам.доллартай тэнцүү байсан нь 8 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 105 ам доллараар өссөн байна.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар зэсийн дундаж үнэ 6346,6 ам доллар байсан нь өмнөх улиралтай харьцуулахад 683 ам доллараар өссөн үзүүлэлт гарчээ. Харин 2017 оны эхний 9 сард зэсийн дундаж үнэ 5947 ам доллар байсан бөгөөд үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1223 ам доллараар нэмэгдсэн дүнтэй байна. Хэдийгээр дундаж үнэ өсөлттэй байгаа ч өнгөрөгч 9 дүгээр сарын эхэн үед 6900 ам доллар хүрсэн зэсийн үнэ мөн сарын сүүлээр 6400 ам доллар болж, бараг 500 ам доллараар буураад байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ суларч байгаатай холбоотойгоор зарим судалгааны байгууллага 2017 оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ өмнөх улиралтай харьцуулахад буурна гэж мэдээлжээ. Тухайлбал ING банкны судлаачид ирэх дөрөвдүгээр улиралд 6000 ам доллар болж буурна гэсэн байна. Тэгвэл Wood Mack байгууллагын судлаачид 10 дугаар сарын эхний өдрийн шинэчилсэн судалгаандаа энэ улиралд зэсийн үнэ дунджаар 6500 ам доллар тонн байна гэв.
Олон улсын судалгааны байгууллагууд ойрын хугацаанд зэсийн үнэ өсөх эсвэл буурах хандлагатай гэж таамаглаж байгаа ч дэлхийн зах зээл дээрх ханш нэлээд хэлбэлзэлтэй байна гэдэгт санал нэгдэж байна. Сүүлийн ганцхан сард л гэхэд нэг тонн зэсийн үнэ 500 хүртэл доллараар өгсөж, уруудсан нь ханш тогтворгүй байгааг харуулж байна гэсэн юм.
















