Техник технологийн шинэчлэлийн хүрээнд Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн лагийн талбайн насосны станцад Германы GRUNDFOS NKG маркийн насосыг саяхан суурилууллаа. Уг насос цагт 130 м3 ус шахах хүчин чадалтай, 35 метрийн түрэлттэй аж. Энэ талбайд 2004 оноос Оросын СТ-140 насос ажилласан бөгөөд, сэлбэг хэрэгслийн олдоц муугаас шалтгаалан ашиглагдахгүй болжээ. Шинээр суурилуулсан насос нь өмнөхөөс эрчим хүчийг 20-30 хувиар бага зарцуулдаг болохоор эдийн засгийн ихээхэн хэмнэлт гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энд шинэ насос суурилуулсантай зэрэгцээд арматур, битон хийцээ шинэчлэн, буджээ. Биднийг энэ станцад ирэхэд цахилгааны газардуулгын бүслүүр төмрийг гагнаж байв. Цэвэрлэх байгууламжийн хэсгийн механик Д.Буйдан, “Лагийн талбайн насосны станц нь Цэвэрлэх байгууламжийн технологийн шугамаас ирсэн лагтай усыг ёроол дахь хайрган шүүлтүүрээр шүүж, усыг нь цэвэрлэгээний шугам руу нийлүүлдэг байгууламж юм. Цэвэрлэх байгууламжид лагийн хоёр талбай байдаг. Анхны төслөөр хийгдсэн лагийн талбайд нар салхины үйлчлэлээр ус нь ууршиж лаг нь хатаж ширгэдэг. Тэгвэл энэ талбайд усыг шүүж, лаг нь үлддэг болохоор илүү дэвшилттэй. 5-6 жилд талбайд хуримтлагдсан лагийг зөөж хатаан цэвэрлэдэг юм” гэв.
Я.ТУЯА















