Зэсийн үнэ буурч байгаатай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрсдлээс хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байгаа билээ. Компанид хөлсөөр ажиллах гэрээ байгуулан иргэдийг ажилд авахыг түр хугацаагаар зогсоож, санхүүгийн байдал улам хүндрэх төлөвтэй энэ үед үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах, мөнгөн хөрөнгийн зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулах оновчлох зорилгоор Онцгой комиссыг байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж үйлдвэрлэлд нэн шаардлагатай гадны байгууллагаас авах ажил үйлчилгээ, бараа материал, үндсэн хөрөнгийн жагсаалтыг баталсан байна. “Эрдэнэт” үйлдвэрийн Онцгой комисс долоо хоног бүрийн мягмар гаригт хуралдаж, яаралтай арга хэмжээнүүдийг авч ажиллах юм. Компанийн хамтарсан зөвлөл 2015 оны бизнес төлөвлөгөөг батлаагүй байгаа энэ нөхцөлд дэлхийн зах зээлд зэсийн үнэ тасралтгүй буурч байгаа учир үйлдвэрлэлийн нэн тэргүүний зардлуудаас бусад зардлыг хязгаарлаж, учирч болох эрсдлийг бууруулах арга хэмжээг “Эрдэнэт” үйлдвэр шуурхай зохион байгуулж байна.
.jpg)















