“Эрдэнэт” үйлдвэрийн Геологи хайгуулын ангийн хамт олон оны эхний хагас жилийн төлөвлөгөөгөө 103 хувиар гүйцэтгэсэн амжилттай ажиллажээ. Тэд геофизикийн ажил, өрөмдлөг, геологийн боловсруулалт гэсэн үндсэн гурван шат дамжлагаар ажилладаг. Геофизикийн үр дүнгээр өрөмдлөг хийж, гарсан дээжид геологийн боловсруулалт хийсний дагуу уулын ашиглалтын ажил гүйцэтгэдэг. Геологи хайгуулын ангийн хамт олон энэ онд хайгуулаас гадна Хаягдлын аж ахуйн өрөмдлөг, үйлдвэрийн цехүүдийн захиалгаар нийт 42 мянган тууш метр өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй.

Одоогоор өрөмдлөгийн ажил 50 хувьтай, хайгуулын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явна. Наймдугаар сар гарсаар тус ангиас таван өрмийн машин Ил уурхайд ажиллаж байна. Эдгээрийн нэг нь ашиглалтын хайгуул хийж, бусад нь хайгуулын дөрвөн төсөл дээр ажиллаж байна. Ил уурхайн гүний ордын зах хязгаарын тогтоц, төвийн хэсгийн хүдрийн нарийвчилсан үнэлгээг өгөх ажлыг гүйцэтгэж байна. Мөн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн далангийн уулын цул бэлтгэх, тэсэлгээний болон далан дээрх усны түвшин хэмжих өрөмдлөгийг тус тус гүйцэтгэж байна.
Я.ТУЯА















