Эрдэнэт үйлдвэрийн Лаборатори судалгааны төвд баяжуулах үйл явцад гол хэрэглэгддэг урвалжийн чанар, бүтцийг нарийвчлан тогтоох хийн хроматограф багаж, төхөөрөмж ашиглаж байна. АНУ-д үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн дэвшилтэт уг багажийг судлаачид хоёр чиглэлээр ашигладаг. Үйлдвэрт нийлүүлэгдэж буй урвалжийн агуулгын чанар, бүтцийг нарийвчлан тогтооход ашиглахаас гадна үйлдвэрлэлд ашиглаж буй усны органик бохирдуулагчийг шинжлэхэд хэрэглэж байна. Усны органик бохирдуулагч нь баяжуулалтын үйл явцад оролцохоор металл авалтыг бууруулах сөрөг нөлөөтэй. Иймээс үйлдвэрлэлд ашиглаж буй усыг нарийн шинжлэх нь чухал юм. Өмнө нь урвалжийн чанарыг хэт ягаан туяаны тусламжтай өнгөний хувирлаар тодорхойлдог байсан нь нарийвчлал багатай төдийгүй агуулгын үзүүлэлтийг гаргаж чаддаггүй байжээ. Хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий энэхүү багаж төхөөрөмж нь нэг дор ургамалын гаралтай буюу органик нэгдлүүдийн 50 орчим дээжийг шинжлэх чадалтай бөгөөд Монголд “Монос” групп, “Спирт бал бурам” компани бүтээгдэхүүнийхээ чанарыг тодорхойлоход ашигладаг байна.
М.ОДГЭРЭЛ















