Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын ангийн хамт олон оны эхнээс үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг давуулан биелүүлсэн амжилттай ажиллаж байна. Эхний хагас жилийн байдлаар 103 хувиар төлөвлөгөөт ажлаа гүйцэтгэжээ. Тус хамт олон геофизикийн ажил, өрөмдлөг, геологийн боловсруулалт гэсэн гурван үндсэн шат дамжлагаар ажилладаг. Геофизикийн үр дүнгээр өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, өрөмдлөгөөс гарсан дээжийг геологийн боловсруулалт хийсний дагуу уулын ашиглалтын ажил болон бусад ажлуудыг гүйцэтгэдэг. Геологи хайгуулын ангийн хамт олон 2017 онд хайгуулын өрөмдлөгөөс гадна хаягдлын аж ахуйн өрөмдлөг, үйлдвэрийн цехүүдийн захиалгаар гээд нийтдээ 42 мянган тууш метр өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй.
Өнөөдрийн байдлаар 50 хувийн өрөмдлөг хийсэн бол хайгуулын ажлын 60 хувийг хийж гүйцэтгэжээ. 8-р сар гарсаар тус ангиас 5 өрмийн машин ил уурхайд ажиллаж байна. Эдгээрийн нэг нь ашиглалтын хайгуулын ажлыг, бусад нь хайгуулын ажлын дөрвөн төсөл дээр ажиллаж, Ил уурхайн гүний, ордын, зах хязгаарын тогтоц, төвийн хэсгийн хүдрийн нарийвчилсан үнэлгээг өгөх ажлыг гүйцэтгэж байна. Мөн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн далангийн уулын цул бэлтгэх ажилд тэсэлгээний болон далан дээр байгаа усны түвшинг хэмжих өрөмдлөгийн ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.
А.Бямбамаа


















