Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч жишиг компани Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны сэтгэл зүтгэл шингэсэн тусламжийн аян үргэлжилсээр байна. Саяхан тус үйлдвэрийн уурхайчин хамт олон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас гэр оронгүй болж хоцорсон иргэдэд сэтгэлийн дэм өгч, гэр болон бусад эд зүйлсээр тусламж үзүүлсэн. Тэгвэл энэ удаа тэд ой хээрийн түймэртэй газар нутагт ажиллаж буй Онцгой байдлын газрын албан хаагчдад сэтгэлийн бэлэг хүргэх тусламжийн аяныг эхлүүлээд байна. Үүний эхлэл болгож, тус үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс, Орхон аймгийн Онцгой байдлын комисстой хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө суманд түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын ажилтнууддаа тусламжийн эд зүйлсийг хүргүүлэв. Тэнд тус аймгийн Онцгой байдлын газрын 30 гаруй ажилтнууд дайчлагдан ажиллаж байгаа аж.
Тусламжийн аяны зохион байгуулагчид гал унтраахаар ажиллаж буй албан хаагчдад хамгийн түрүүнд юу шаардлагатай байгаад анхаарал хандуулж, тэдгээрийг цаг алдалгүй шуурхай хүргэхийг зорьсон байна. Тийм учраас галд тэсвэртэй ажлын гутал, хувцас, илгэн алгатай бээлий, идэвхжүүлсэн нүүрсэн шүүртэй амны хаалт, цэвэр ус болон усны сав зэрэг чухал хэрэгцээт эд зүйлсийг эхний ээлжинд хүргүүлжээ.
Түүнчлэн эдгээр тусламжийн зүйлсийг яаралтай хүргэх үүднээс Эрдэнэт үйлдвэр ачааны том оврын машин техник, шатахуунаар тусалсан байна. “Бид ой хээрийн түймэр бүрэн унтарч дуустал аянаа үргэлжлүүлж, онцгой байдлын ажилтнуудад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг тусламжаа тасралтгүй хүргэнэ” гэж тус үйлдвэрийн албаны эх сурвалж онцоллоо.




















