Эрдэнэт үйлдвэр намар өвлийн улиралд тогтвортой, найдвартай ажиллах бэлтгэлээ хангаж эхэллээ. Бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө гарган, бүтцийн нэгжүүд тогтоосон хугацаанд бүрэн хэрэгжүүлэхийг Ерөнхий захирлын тушаалаар үүрэг болгов. Нэн түрүүнд намар өвлийн улиралд бэлтгэх ажилд шаардагдах материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн захиалгыг ирэх сарын 15-ны дотор гаргаж Хангамжийн хэлтэст хүргүүлэх ажил хийгдэнэ. Энэ жил үйлдвэрийн цех нэгжүүд намрын улирлаас урьтаж, хэд хэдэн томоохон засварын ажлыг гүйцэтгэх шаардлагатай байгаа аж. Тухайлбал, үйлдвэрлэлийн барилга байгууламжийн хаалга цонх, галын гидрант ба худгийн дулаалга, шугам хоолой болон хаалт арматур, ус хангамж, агааржуулалт, дээврийн засвар үйлчилгээг төлөвлөгөөний дагуу хийх юм. Ил уурхайн доторх зам, чулуулгийн овоолго,үйлдвэрлэлийн талбайг цас орохоос наана хайргаар хучин аюулгүй байдлыг хангах, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн найдвартай ажиллагааг иж бүрэн хангах зэрэг ажлууд мөн хийгдэнэ. Намар, өвлийн улиралд бэлтгэх ажлыг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хэрэгжүүлж, гүйцэтгэлд хяналт тавин ажиллахыг холбогдох мэргэжилтэн, удирдах ажилтнуудад чиглэл болгосон байна.















