Орхон аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр их насны морьдын шүдэлгээгээр эхэллээ. Их насанд нийт 50 шахам хурдан буян шандас сорьсноос Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Аранжин хүлэг” галын уяач М.Мөнхбаярын тогос хээр түрүүлж, Д.Даваасамбуугийн цоглог хээр аман хүзүүдэж, Б.Бүрэндүүрэнгийн хүрэн, Х.Төмөрчөдөрийн хүрэн, “Эрдэнэт” үйлдвэрийн Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цехийн инженер, “Засагт хааны хурд” галын тэргүүн, Аймгийн алдарт уяач Н.Цэрэндондовын хүрэн айрагдав. Харин хамгийн хурдан адуу соёолонгийн тоосонд хийморио сэргээх гэсэн наадамчин олон бага үд гэхэд “Хүрэн шандын хөндий”-д цугласан байлаа. Энэ жил гантай, мөн зэргэлдээх аймаг, сумын наадам нэгэн зэрэг болж буй учраас морьд таржээ. Гэсэн ч хүн бүрийн хийморийг даллах соёолон насны морьдын уралдаанд 40 гаруй хурдан буян тоосоо өргөснөөс Баян-Өндөр сумын уяач Х.Баттулгын хээр түрүүлэн торгон жолоо өргүүлж, Б.Цэвээнсүрэнгийн хонгор халзан аман хүзүүдэж, Н.Отгонбаярын хүрэн халзан гуравт, Д.Батхишигийн хээр дөрөвт, Д.Цэвээнсүрэнгийн хүрэн тавд хурдалж наадамчин олноо баясгалаа.


М.ОДГЭРЭЛ















