Монголчуудын өв соёлын нэгэн гайхамшиг бол үндэсний дээл хувцас юм. Дэлхийд гайхагддаг үндэсний хувцасны уламжлалт хийц онцлогийг хадгалж авч үлдэх зорилгоор "Дээлтэй монгол" наадмыг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байна. Энэ жил Орхон аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар, Эрдэнэт үйлдвэр ХХК хамтран "Дээлтэй монгол- Эрдэнэтийн соёл" нэрийн дор тус наадмыг зохион байгуулж, үндэсний дээлээрээ гоёх нь бидний уламжлалт соёлын нэг илэрхийлэл гэдгийг тодотгов. "Дээлтэй монгол-Эрдэнэтийн соёл" наадамд өвөрмөц шийдэл бүхий хэв загвар, хийцтэй үндэсний дээлээрээ гоёсон 40 гаруй байгууллага, иргэд оролцож, өөрсдийн дээлний онцлогийг танилцууллаа. Наадам хамгийн сайхан үндэсний хувцастай хамт олон, хос, иргэн, хүүхэд, хамгийн сайхан Монгол дээлтэй гадаадын иргэн зэрэг номинациар шилдгүүдээ тодруулав. Тулах төрийн гутал, Бүтэх төрийн бүс, Дэвжих төрийн дээл, Мандах төрийн малгай хэмээн хүндэтгэж, дээш нь залдаг монгол үндэсний хувцсаа сурталчлан таниулж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд өндөр ач холбогдолтой тус наадмын цар хүрээ жилээс жилд өргөжиж буйг зохион байгуулагчид онцоллоо.




















