Монголын Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Орхон аймгийн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ.
Энэ жилийн наадмын нээлтийн утга санаа нь Эрдэнэтийн овоо, түүний дөрвөн зүгт орших зэсэн эрдэнийн уулсын түүх домог хийгээд буян хишгээ хайрлаж буй байгаль эх дэлхийгээ сүслэн шүтэж явах учиртайг дуу бүжгийн төгс хослолоор өгүүлсэн нь өвөрмөц болжээ.
Мөн Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын анхдагч, ахмад илгээлтийн эзэд, төр захиргаа, үйлчилгээний байгууллагууд, урлаг соелын алдартнуудын жагсаал цэнгэлдэх талбайг чимэв. Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ "Эрдэнэт хот, Орхон аймгийн хөгжил дэвшлийн гол илэрхийлэл бол манай аймгийн иргэдийн аз жаргалтай, амар түвшин амьдралын баталгаа юм.
Тиймээс бид төр засгийн бүхий л бодлого шийдвэр, үйл ажиллагаагаа эрдэнэт хүний хөгжилд чиглүүлэн ажиллаж байна. Дэлхийд ганцхан монгол наадмаа хотол олноороо сайхан тэмдэглэх"-ийн ерөөлийг хамтатган тэмдэглэлээ.
Үүний дараа Монгол улсын алтан соёмбот төрийн далбаа болон Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн сүлд тугийг Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Бямбаа, Төрийн соёрхолт геологич Г.Сандуйжав, Монгол улсын Гавьяат багш С.Цэндсүрэн тэргүүтэй Эрдэнэтээс төрсөн салбар салбарын алдар гавьяатнуудын төлөөлөл тэнгэрт өргөн мандууллаа. Ийнхүү Орхон аймгийн баяр наадам дуу бүжиг, эгшиг яруу хөг найргийн чуулбар дор утга төгөлдөр үргэлжилж байна.















