Байт харвааны өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж, амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээн анх удаа орон нутагт болж байгаагаараа онцлог байв. Бага нас, өсвөр, залуучуудын ангилалд нийт 8 байгууллагын 67 тамирчин цэц мэргэнээ сорьсон. Багийн нийт дүнгээр 32 оноогоор Хангарьд клуб тэргүүлж, 27 оноогоор Төв аймгийн баг тамирчид, 23 оноогоор Добу мэргэн багийнхан удаалжээ. Бусад аймаг хотоос ирсэн тамирчид энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалт маш сайн, өндөр төвшинд боллоо хэмээн талархаж байна. Морин дэл дээрээс хаа холын байг алдалгүй онодог мэргэдийн удам ийнхүү дэлхийн спортод цахиур хагалж, төсөөлснөөс ч илүү өндөр амжилт гаргах цаг ойрхон байгааг улсын аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид онцлов.




























