Эрдэнэт хот бол үйлдвэр дагасан хот. Уулын баяжуулах үйлдвэрийг барьж эхлэх өдрөөс одоогийн Эрдэнэт хотыг давхар төлөвлөж, бүтээн байгуулсан юм. Тэр цаг үеэс Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагаа улбаатай гэж хэлж болно. Харин сүүлийн жилүүдэд 2 тал дөрвөн жил тутамд хамтран ажиллах гэрээ байгуулж ирсэн уламжлалтай. Хамгийн сүүлд 2013 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Уг гэрээний хүрээнд 2017 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө гарын үсэг зурлаа. Төлөвлөгөө батлах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
Энэ онд Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэр ХХК 6 чиглэлээр нийт 27 ажлыг хамтран хэрэгжүүлнэ. Нийгмийн хөгжил буюу хүний төлөө асуудлуудад түлхүү анхаарах бол дэд бүтэц, байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах үйлсэд томоохон хөрөнгө оруулалт хийх аж.
Эрдэнэт үйлдвэр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны томоохон хэсгийг Эрдэнэтчүүдийн төлөө хийх нийгмийн чиглэлийн бодлого хөтөлбөрүүд эзэлж байна. Тухайлбал, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих нь 2017 оны гол зорилтууд аж. Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд зориулан Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 100 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, түргэн тусламжийн 2 авто машин өгөхөөр боллоо. Энэ бол “Эрүүл Эрдэнэтчүүд”- ийн төлөө хийж буй нэг томоохон дэмжлэг юм.
Цэвэр усны алдагдлын асуудлыг хамтарч шийднэ
Энэ онд орон нутгийн өмнө тулгамдаж буй олон асуудалд хоёр тал хүчээ нэгтгэн ажиллана. Үүний нэг нь “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК болон Эрдэнэт үйлдвэрийн хооронд гарч буй усны алдагдлын шалтгааныг тогтоож, цэвэр усны асуудлаа хамтарч шийдэхээр төлөвлөжээ. Энэ чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх ажлын санал боловсруулж, хамтарсан ажлын хэсэг ажиллах юм. Мөн “Өнгөлөг Эрдэнэт хот” төсөл Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар үргэлжлэн хийгдэнэ.
Байгаль орчинд онцгой анхаарч, багуудын тохижилтонд Эрдэнэт үйлдвэр 100 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ
Газрын доорх баялагийг ил гаргаж буй аль ч уурхайд байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үүрэг, хариуцлага өндөрт тавигддаг. Энэ чиглэлээр Эрдэнэт үйлдвэр бие даасан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд хаягдлын аж ахуйн цагаан шорооноос үүсч буй сөрөг нөлөөллийг судлах, Хангал голын гольдролыг цэвэрлэх, Баянцагаан баг, вокзал орчимд усны харгиа барих ажлууд хийгдэхээр тусгагдав. Гэр бүл, баг, сум, аймгийн хөгжлөөр дамжуулан хүндээ хүрэх ажлуудыг шат дараатай хамтран хийх үүднээс Говил, Баянцагаан, Уурхайчин багуудын тохижилт үйлчилгээнд зориулан Эрдэнэт үйлдвэр 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм.
Хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах үеэр Орхон аймгийн ИТХТ-ийн дарга П.Пүрэвлхагва хэлсэн үгэндээ “ Өнөөдөр бид Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 42-р зүйлийн нэгдүгээр заалтын дагуу хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017 оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Энэ бол Эрдэнэчүүдийнхээ төлөө бодитой, үр дүнтэй зүйлийг хийж, бүтээх нь зүйтэй гэсэн Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын бидэнд барьж буй бэлэг. Нөгөө талаасаа Эрдэнэтийн ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт юм“ гэж тэмдэглэсэн бол аймгийн Засаг дарга Д.Батлут “Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшлийг өдрөөс өдөрт цэцэглүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон, уурхайчиддаа гүн талархал илэрхийлэхийн ялдамд хамтын ажиллагааны гэрээг бүрэн дүүрэн хэрэгжүүлэн ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэсэн юм.















