Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулаан цахилгааны төвд 48 Мегаваттын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенераторыг суурилуулах өргөтгөлийн ажил өнгөрсөн оны 5 тавдугаар сард эхэлсэн. Тэгвэл уг өргөтгөлийн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг албаны эх сурвалж мэдээлэв.
Өчигдөр буюу энэ сарын 19-ний өглөөний 05.00 цагт СС-12 турбингенераторыг уураар эргүүлэх туршилтын ажлыг анх удаа гүйцэтгэсэн байна. Туршилтын ажил амжилттай болж, турбингенераторын бүтэн эргэлтийг гурван мянгад хүргэж чаджээ. Энэ нь тухайн турбингенераторын угсралт тохируулга, суурилуулалтын ажил чанарын өндөр түвшинд хийгдсэнийг харууллаа гэж төслийн Зөвлөх Д.Батчулуун онцлов.
Одоогоор N-12 турбингенераторын угсралт тохируулга дуусах үе шатандаа хийгдэж байна. Мөн тэдгээрийн тос, тосолгооны системийн цэвэрлэгээний ажил эхэлсэн бөгөөд хэрэв тосны үзүүлэлтүүд хэвийн хэмжээндээ хүрвэл дараагийн эргэлтийн туршилтыг хийх ажээ.
“Эрдэнэт үйлдвэрийн Дулаан цахилгааны төвд хийгдэж буй өргөтгөлийн ажлын явц урагштай үргэлжилж, гуравдугаар турбингенераторын туршилтын ажил амжилттай боллоо. Дөрөвдүгээр турбингенераторын туршилт энэ сарын 30-нд хийгдэх бол тав, зургаадугаар турбингенераторын угсралт дууссаны дараа туршилт эхлүүлэхээр төлөвлөж байна. Өргөтгөлийн ажлын явцад захиалагч тал болох Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ихээхэн анхаарал, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад их талархаж байна гэж” уг төслийн гүйцэтгэгч Harbin electric international компанийн төлөөлөгч, төслийн Ерөнхий инженер Peng Tao ярилаа. Уг өргөтгөлийг ашиглалтанд оруулснаар үйлдвэрийн эрчим хүчний зардал, эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.



















