6-р сарын эхний 15 хоногийн байдлаар зэсийн үнэ дунджаар 5638 ам доллар тонн байгаа нь өмнөх сарын үзүүлэлттэй харьцуулахад өсөх хандлагыг харуулж байна. Чилид гарсан үйлдвэрлэлийн хүндрэл болон Хятадын эдийн засгийн сүүлийн өдрүүдийн эерэг мэдээллүүд нь зэсийн үнэ өсөлтөд нөлөөллөө гэж эх сурвалжууд онцлов. Эдгээр шалтгааныг тодруулбал, Чилийн баруун хойд хэсэгт их хэмжээний бороо орсны улмаас Codelco, BHP болон томоохон уурхайнууд зогсолт хийжээ. Мөн өнгөрсөн 4-р сард эрс буурсан Хятадын зэсийн импорт 5-р сард өссөн байна. Хятадын гаалийн ерөнхий газрын мэдээлснээр тус улс 5-р сард нийт 390 мянган тонн зэс импортолсон нь өмнөх сартай харьцуулахад 30 % - иар өсчээ. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9,3 %- иар буурсан байна. Дээрх хүчин зүйлүүд нь зэсийн үнийн ойрын хугацааны төлөвт нөлөөлнө гэж судлаачид дүгнэв.
Олон улсын валютын сангаас 2017-2022 оны жилийн дундаж үнийн төлөвийг шинэчлэн гаргажээ. Тус байгууллагын судлаачид 2017-2022 оны зэсийн жилийн дундаж үнийн прогнозыг 3-р сард гаргасан прогнозтой харьцуулахад 240-180 ам доллар тонноор бууруулан өөрчилсөн байна. 2017 оны зэсийн үнийн төлөвийг 217 ам доллараар бууруулан 5706 ам доллар тонн, 2018 оны үнийн төлөвийг 240 ам доллараар бууруулан 5710 ам доллар тонн байх урьдчилсан таамаг гаргажээ.















