Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хэмжээнд тасралтгүй үйл ажиллагаатай техник, тоног төхөөрөмжүүдээ засварлах зорилгоор хийдэг “Их зогсолт” буюу бүрэн зогсолтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж байна. Бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг Ерөнхий захирлын тушаалын дагуу байгуулагдсан бөгөөд анхны зөвлөгөөнөө хийжээ. Зөвлөгөөнөөр их зогсолтын үеэр хийгдэх тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний жагсаалт болон аль цехээс эхлэх нарийвчилсан хуваарийг хэлэлцэж, гаргасан байна. Ажлын хэсгийнхэн цаашид Баасан гараг бүр хуралдаж, бэлтгэл ажлын явцтай танилцах юм. Их зогсолтын бэлтгэл хангах ажилд Механикийн хэлтэс, Хангамжийн хэлтэс, Эрчим хүчний хэлтсүүд гол үүрэгтэй оролцож, их зогсолтын үеэр хийгдэх засвар үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг хугацаанд нь чанартай нийлүүлэх, худалдан авах асуудлыг ярилцаж шийдсэн байна. Жилд нэг удаа үйлдвэрлэлийг бүрэн зогсоож, тасралтгүй үйл ажиллагаатай тоног төхөөрөмжинд засвар үйлчилгээ хийдэг уламжлалт их зогсолт энэ жил 7-р сарын 28-ны өдрөөс эхлэн 3 хоногийн турш үргэлжлэх юм.















