Өнгөрсөн мягмар гарагт “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн геологи хайгуулын ажлын явц, цаашдын төлөв байдал хийгээд исэлдсэн хүдрийн овоолгуудтай газар дээр нь танилцав. Өмнө нь олборлолт хийгээд үлдсэн ядуу агуулгатай болон исэлдсэн хүдрийн эдгээр овоолгын агуулгын хэмжээг нарийн судалж, цаашид хэрхэн ашиглах талаар мэргэжилтнүүдтэй зөвлөлдлөө. Мөн “Эрдмин”, “Ачит-Ихт” компанийн ашиглаж буй овоолготой газар дээр нь танилцахын зэрэгцээ “Зэс Эрдэнийн хувь” компанийн үйл ажиллагаа явуулахаар товлосон газрыг үзэж судалсан юм.
Хур борооны улмаас исэлдсэн хүдрийн овоолгоос зэс агуулсан хүчиллэг ус урсаж асуудал үүсгэдэг. Үүнийг хорьж тунгааж авсан цөөрмүүдийн байдалтай танилцаж холбогдох албаны ажилчдад чиглэл өглөө. Түүнээс гадна ашиглалт явуулахгүй хуучин овоолгуудад нөхөн сэргээлт хийсэн байдлыг үзэж зөвлөв. Цаашид геологи хайгуулын ажил, исэлдсэн хүдрийн овоолгуудын асуудлыг иж бүрэн авч үзэж төлөвлөн ашиглах аж. Энэ нь хаягдалгүй технологи, хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжлийг эрхэм зорилгоо болгосон “Эрдэнэт” үйлдвэрийн хэтийн төлөвт орд газрын нөөцийг иж бүрэн ашиглахад онцгой анхаарал хандуулсан ажил болов.

















