Монгол улсын Засгийн газрын 112 тоот тогтоолоор батлагдан, улс даяар хэрэгжиж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн гол зорилго нь элэгний В, С вирусын тархалтыг зогсоох, 2030 он гэхэд элэгний С вирусын тархалтыг хязгаарлах, В,С вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг эрс бууруулахад чиглэгдсэн үндэсний хэмжээний хөтөлбөр юм. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд ард иргэд сум, өрхийн Эрүүл мэндийн төвд очиж элэгний иж бүрэн үзлэг шинжилгээнд хамрагдах юм. Харин энэхүү үйл ажиллагааны нэг хэсэг болох иргэдийг элэгний шинжилгээнд хамруулах ажил Эрдэнэт үйлдвэр дээр эхэллээ. Уг шинжилгээнд 40-65 насны ажилчдыг хамруулж байна. Орхон аймгийн хэмжээнд элэгний өвчний илрүүлэх үзлэг оношлогоо энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Илрүүлэх шинжилгээнд хамрагдах иргэд сум өрхийн эрүүл мэндийн төвд ирэхдээ эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон иргэний үнэмлэх, амбулаторийн картаа авч ирэх юм. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг хамруулах үзлэг оношлогоог тус үйлдвэрийн Ерөнхий захиргааны 1-р байр, Засвар механикийн завод, Тусгай зориулалттай тээврийн хэсгийн граш, Эрдэнэт сувиллын цогцолбор гэсэн 4 газарт хийж байна. Дээрх үзлэгийн цагийн хуваарийн дагуу ажилчид идэвхтэй хамрагдахыг зохион байгуулагчид зөвлөлөө.





















