Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тээвэр ложистикийн албаны залуучууд Эрдэнэт хотынхоо нийт залууст хандаж, “Эрүүл цэвэр орчинд эрүүл амьдрая” уриалгыг дэвшүүлжээ.
Энэхүү уриалгаа бодитоор хэрэгжүүлэх зорилгоор Тээвэр ложистикийн албаны Материал техникийн хангамжийн баазын Залуучуудын холбооноос Эрүүл мэндийн замын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан байна. Тус үйл ажиллагаанд цехийн 30 гаруй залуучууд идэвхтэй оролцож, 3 орчим тонн хог хаягдлыг ачиж, эрүүл мэндийн замын орчныг цэвэрлэжээ.Эрүүл мэндийн зам орчимд алхах болон агаар салхинд гарах, түүнчлэн барилга байгууламж барих үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлаа ил орхихгүй, зориулалтын саванд хийж, байнга цэвэрлэж хэвшихийг тэд уриалгадаа дурьдсан байна. Тээвэр ложистикийн албаны Материал техникийн хангамжийн баазын хэсгийн Залуучуудын холбооноос хийх дараагийн төлөвлөгөөт ажил нь явган замын гуу жалганд байрлуулах гүүр юм. Энэ нь явганаар явж буй хүмүүсийн цагийг хэмнэх, унаж бэртэх, тойрч явах, хальтиргаа гулгаа зэрэг хүндрэлийг багасгах ач холбогдолтой гэж Залуучуудын холбооны тэргүүлэгчид ярилаа. Явган хүмүүст зориулсан гүүрээ тэд өөрсдийн дотоод нөөц бололцоогоо дайчлан хийх юм.















