Энэ сарын 02-нд “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйн хөгжил ба Орхон аймаг” сэдэвт зөвлөлдөх уулзалт “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Энэхүү уулзалтанд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон цех, нэгжийн дарга нар, инженер техникийн ажилтнууд, Баян-Өндөр сумын багийн дарга нар, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, ахмад уурхайчид оролцож, “Эрдэнэт” үйлдвэрийг дараагийн 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлд санал нэмэрлэн зөвлөлдлөө.
Энэ үеэр Ил уурхайн нөөц баялгийг өсгөх өнөөгийн байдал, хэтийн төлөв, Зөсвөр механикийн заводын хөгжлийн асуудал, “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зэс хайлах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах боломж нөхцөл, Технологийн сургуулийн хөгжлийн чиг хандлага болон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, компанийн эдийн засаг, нийгмийн хариуцлагын зарим асуудлын талаар холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Зөвлөлдөх уулзалтаас гарсан саналаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баяжуулан Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах хөгжил дэвшлийн бичиг баримт бэлэн болох учиртай юм.















