Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр үр хүүхдээ үлгэр жишээ хүмүүжүүлж, амжилттай хөдөлмөрлөж яваа шилдэг гэр бүлүүдийг тодруулж, алдаршуулдаг уламжлалтай билээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын өмнөхөн тодруулдаг “Манлай гэр бүл” –ийг алдаршуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд боллоо.
“Манлай гэр бүл” тодруулах үйл ажиллагааг 2011 онд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан эхлүүлсэн бөгөөд тухайн гэр бүлийн нэг гишүүн нь Эрдэнэт үйлдвэрт 10-аас дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа, 3-аас дээш хүүхэдтэй, үр хүүхэддээ зөв хүмүүжил олгож буй зэрэг үзүүлэлтээр “Манлай гэр бүл”-ийг энэ жил 7 дахь удаа тодрууллаа. 2011 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Манлай гэр бүл”-ээр 5 гэр бүл, 2012 онд 10 гэр бүл, 2013 онд 9 гэр бүл тодорч, нийт 78 гэр бүл энэхүү хүндтэй шагналын эзэд болсон байна. Харин энэ жилийн “Манлай гэр бүл”-ээр Цахилгаан цехийн ажилтан Н.Саранцогт, Геологи хайгуулын ангийн мэргэжилтэн С.Баярсайхан,Технологийн сургуулийн багш Д.Болор-Эрдэнэ, Сэлэнгэ амралтын баазын ажилтан Б.Уламбадрах, ЗМЗ-ын ажилтан Ц.Эрдэнэсүх нарын 25 гэр бүлийг алдаршуулж, шагналыг нь гардуулав.
“Манлай гэр бүл” тодруулах ёслолын үйл ажиллагаанд тус үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэцогт, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга Б.Мөнхболд, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн З.Жаргалмаа нарын зочид хүрэлцэн ирж, гэр бүлүүддээ хүндэтгэл үзүүллээ.




















