Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрчим хүчний цехэд ХАБЭА-н 4-р шатны иж бүрэн үзлэг шалгалт явагдаж, дүнгээ гаргалаа. Шалгалтанд тус хамт олон “хангалттай сайн” гэж үнэлүүлсэн байна. ХАБЭА-н 4-р шатны үзлэг шалгалт 3 өдөр үргэлжилсэн бөгөөд үйлдвэрийн онцгой бүсэд харьяалагддаг тус цехийн үйл ажиллагаа нэг дор бус, алслагдсан зайд ч ажил үйлчилгээ явуулдаг тул ХАБЭАБОХХ-ийн шалгалтынхан цэг бүрт очиж, газар дээр нь танилцжээ.
Шалгалтын дүнгийн хурлын үеэр өмнөх 4-р шатны иж бүрэн үзлэгийн шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэсэн байна. Өмнөх албан шаардлагуудаас 6 нь биелэгдээгүй нь санхүү, эдийн засгийн асудалтай холбоотой байсныг цехийн дарга онцлов. ХАБЭА-н иж бүрэн үзлэг шалгалт нь цехүүдийн ХАБЭА-н бодлогын хэрэгжилтийн явцыг мэдээлэх, болзошгүй эрсдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, гарсан алдаа дутагдлыг цаг алдалгүй арилгах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа юм.
















