Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ ханш сүүлийн өдрүүдэд харьцангуй буурсан үзүүлэлтэй байна. Энэ сарын сарын эхний 24 өдрийн байдлаар зэсийн үнэ дунджаар 5580 ам доллар тонн байгаа нь 4-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 100 гаруй ам доллараар буурсан үзүүлэлт гарчээ. Үүнд Хятадын зэсийн эрэлт сул, макро эдийн засгийн мэдээлэл сайнгүй байгаа нь нөлөөлсөн гэж судлаачид үзсэн байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын татварын бодлогод өөрчлөлт оруулах, аж үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2018 он хүртэл хойшлогдох төлөвтэй гэсэн мэдээлэл зах зээлд яригдаж байгаа нь үнэ буурахад нөлөөлж байна гэжээ. Дэлхийн зах зээл дээрх металлын биржүүдийн зэсийн нөөц нэлээд өсөж байгаа нь зэсийн эрэлт сул байгааг харуулж байна. Тухайлбал, Лондонгийн металлын бирж дэх нөөц гэхэд 5-р сар гарсаар 80 гаруй мянган тонноор өсчээ.
5-р сарын эхний өдрүүдэд 5466 ам доллар болж буурсан зэсийн үнэ сүүлийн өдрүүдэд 5600 ам долларыг давж өсөв. Энэ нь Индонезийн Freeport-McMoRan –ний эзэмшилд байдаг Grasberg уурхайн ажилчид ирэх 6-р сард ажил хаялт зарлахаар болсонтой холбоотой. Мөн ам долларын ханш суларсан явдал үнэ өсөхөд зарим талаар нөлөөллөө гэж судлаачид тайлбарлаж байна.
















