“Их тийн” группын “Тиро трейд” компанийн төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирж, үйлдвэрийн удирдлагуудад шинэлэг ган бөмбөлгийн талаар танилцуулав.
Болгар улсад байрлах ган бөмбөлгийн үйлдвэрийн зохион бүтээгч инженерүүд цахимаар шууд холбогдож, өөрсдийн бүтээсэн ган бөмбөлгийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага болон мэргэжилтнүүд “Их тийн” групп, “Тиро трейд” компанийн төлөөлөгчидтэй харилцан ярилцаж, санал бодлоо солилцов.
Шинэлэг бүтээгдэхүүн нь ойрын таван жилд уламжлалт ган бөмбөлгийг орлохуйц бүтээгдэхүүн гэдгийг энэ үеэр төлөөлөгчид онцоллоо. Энэ бүтээгдэхүүнийг ашигласнаар үйлдвэрийн бүтээмж хоёр дахин нэмэгдэх, нэгж бүтээгдэхүүнд зарцуулах хугацаа богиносох, цахилгаан эрчим хүч хэмнэх боломж бүрдэх юм. Түүнчлэн тээрмийн доторх шийлтний ашиглалтын хугацаа уртсан, бутлалтын чанар сайжрахын зэрэгцээ эдийн засаг, байгал экологид ээлтэй ган бөмбөлөг гэдгийг “Тиро Трейд” компанийн төлөөлөгчид тодотгов. Шинэлэг ган бөмбөлгийн жин нь уламжлалт ган бөмбөлгийн жинтэй адил боловч хэлбэр нь өөр болохоор харьцангуй өндөр юм. Энэхүү бүтээгдэхүүнийг Эрдэнэт үйлдвэрийн Ган бөмбөлгийн цехэд туршиж, боломжтой тохиолдолд цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудлг эргэн ярилцахаар болов.
















