Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайн эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг шинээр барих, тэсрэх бодисын туршилтын талбай байгуулах болон тэсрэх бодисын хадгалалтын аюулгүй байдлыг хангах ажлууд хийгдэж буйг үйлдвэрийн дарга А.Буянцог ярилаа.
Тус Тэсрэх бодисын үйлдвэр нь 1994 онд байгуулагдсан Монголын анхны эмульсын тэсрэх бодисын үйлдвэр юм. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн тэсэлгээнд зориулсан тэсрэх бодисыг үйлдвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар, Тэсрэх бодисын үйлдвэрт хэрэглэгдэх амиакийн шүлт бодисын идэмхий чанарын нөлөөгөөр барилгын бетонон шал, хана нь идэгдэж, хадгалалт хамгаалалтын шаардлага хангахгүй болсныг мэргэжилтнүүд онцолж байна. Иймээс стандартын шаардлага хангасан тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих тухай асуудал яригдаж байгаа юм.
Тэсрэх бодисын үйлдвэрт ирсэн тэсрэх бодисыг агуулахад хадгалдаг боловч илүү гарсан тэсрэх бодисыг гаднах талбайд ил задгай хураадаг байна. Тиймээс тус үйлдвэрийн ажилтнууд найдвартай хадгалах үүднээс гаднах талбайд тусгайлан саравч барих ажлыг эхлүүлжээ. Энэ ажлыг Рэс компанийн хамт олон гүйцэтгэж байгаа бөгөөд 6-р сарын 20-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Мөн эмульсийн тэсрэх бодисын туршилтын талбай барих ажил хийгдэж байна. Ингэснээр тэсрэх бодисыг стандартын дагуу үйлдвэрлэж буй эсэхэд хяналт тавин, газар дээр нь тэсэлж туршилт хийх боломж бүрдэх юм. Туршилтын талбайн ажил 7 сарын эхээр дуусах аж.



















