“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал тушаал гаргаж компанийн бүх цех, нэгжүүдийн объектуудад ашиглагдаж буй гэрэлтүүлэгт ээлжит бус нэгдсэн үзлэг, зорилтот шалгалт хийж, галын аюултай гэрэлтүүлгийг шаардлага хангаснаар 2015 оны I улиралд багтаан солих ажлыг зохион байгуулахыг Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбатад үүрэг болголоо. Өнгөрсөн сарын эхээр Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн 1-р ээлжид байрлах ХМТАЦ-ийн Технологийн процессын автоматжуулсан удирдлагын системийн хэсэг, Урвалжийн хэсгийн Нарийн хэмжүүрийн удирдлагын өрөөнд галын хэрэг зөрчил гарсан. Үүний шалтгааныг судлахад тус өрөөний гэрэлтүүлгийн цахилгаан тэжээлийг залгаатай орхисноос БНХАУ-д үйлдвэрлэсэн, чанаргүй гэрэлтүүлэг нь хэт халалт үүсгэснээс тэжээлийн кабелийн тусгаарлагч бүрээсийг хайлуулж гал гарахад хүргэсэн байна. Иймээс энэхүү шийдвэр гарсан бөгөөд уг ажил хэрхэн явагдаж байгаа талаар Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбатаас тодрууллаа.
-Манай үйлдвэрийн хэмжээнд ашиглагдаж байгаа гэрэлтүүлгийг эрчим хүчний хэмнэлттэй, найдвартай гэрлээр солих ажил хэдэн жилийн өмнөөс эхэлсэн. Компанийн бүх цех, нэгжүүдийн объектуудад нийт 27000 орчим гэрэлтүүлэг байдаг. Одоогоор 10 000 гэрлийг шинжлэх ухааны шинэ ололт болох лэдээр солиод байна. Лэд гэрэл хуучин хэрэглэж байсан улайсдаг гэрлээс эрчим хүйчний зарцуулалт 8 дахин хэмнэлттэй. Ашиглалтын хугацаа нь 50 000 цаг буюу 8 жил тасралтгүй ажиллах үзүүлэлттэйгээрээ давуу. Гэрэлтүүлэг, гэрэл хоёр өөр ойлголт. Гэрэлтүүлэг гэдэг нь ойлгогч, гадаргуутай иж бүрнийг хэлнэ. Харин гэрэл гэдэг нь хэзээ ч сольж болдог чийдэн. Тэгэхээр гэрэлтүүлэг илүү үнэтэй. Бид аль болох хямд зардлаар, сайн шийдлээр энэ ажлыг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Манай үйлдвэр Эрдэнэт хотын иргэдээ дэмжих бодлого барьдаг. Тиймээс орон нутагт лэд гэрлийн хоёр ч үйлдвэр байгуулагдсан. Тэдний бүтээгдэхүүнийг авч дэмжлэг үзүүлнэ. Түүнээс гадна Хятадад үйлдвэрлэсэн гэрэл болгон муу гэж үзэж болохгүй л дээ. Гараар хийдгээс эхлээд автоматжилагдсан том хүртэл хэдэн зуун үйлдвэр бий. Чанартай гэрлтүүлэг үнэтэй. Тэгэхээр чанартайг олж сонгох чухал. Ерөнхий захирлын тушаал гарсны маргаашаас бүх цехийн гэрэлтүүлэгт үзлэг хийсэн. Тэр тусмаа хүн байдаггүй агуулахын зориулалттай, нууц өрөөнүүдэд анхаарал тавьж шалгасан. Цех хариуцсан эрчим зүйч, механикуудад даалгавар өгсөн. Гэрэлтүүлэг солих ажлын төсөв мөнгийг нь төлөвлөөд, ирэх оны захиалгад оруулаад явж байна. Чимхлүүр ажиллагаа их болохоор 2015 оны турш гэрэл солих ажил хийгдэх болов уу. Захиалга, нийлэлт, хөрөнгө мөнгөнөөс бас шалтгаална.
-Баярлалаа.
М.ОДГЭРЭЛ















