Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн ажлын төслийн гүйцэтгэгч тал буюу Harbin Electric Internatiol компанийн Төслийн нэгжийн захирал Song Hailong тэргүүтэй удирдлагууд Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирлээ. Хоёр сар тутам ирж, өргөтгөлийн ажлын явц болон гэрээнд тусгагдсан төлөвлөгөөний биелэлттэй танилцаж байгаагаа гүйцэтгэгч талын удирдлагууд ярив.
Өнөөдрийн байдлаар, Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. 2016 оны 5-р сарын 17-ны өдрөөс эхэлсэн тус өргөтгөлийн төслийн ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа бөгөөд 18 сарын хугацаанд дуусган түлхүүр гардуулахаар гэрээнд тусгагджээ. “Өргөтгөлийн төслийн хүрээнд 4 ширхэг турбингенератор угсарч суурилуулна. Эхний турбингенератор нь энэ сарын 25-ны өдрөөс цахилгаан үйлдвэрлэж эхлэх юм. Харин 2 дахь нь 6-р сарын 10-нд цахилгаан үйлдвэрлэж эхлэх бол 3,4 дэх турбингенераторуудыг ирэх 10-р сард ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Захиалагч тал болох Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс өргөтгөлийн ажилд санаачилгатай, дэмжин хамтран ажиллаж буйд талархаж байна” гэж Төслийн нэгжийн захирал Song Hailong онцлов.
Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн ажлыг Монгол, Хятад ажилчид хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол ажилтнуудыг илүү нарийн мэргэшүүлэх зорилгоор 2 улсын хэмжээнд танхимын болон үйлдвэрлэлийн сургалтуудыг зохион байгуулж байна.






















