“Safety-First - 2014” тэмцээний хоёрдугаар шатны үйл ажиллагаа Сэлэнгэ амралтын бааз, Материал техник хангамжийн бааз, Эмнэлэг сувиллын албаны багийн тоглолтоор эхэллээ. Тэмцээний эхэнд “Уурхайчин” соёлын ордны хоёрдугаар давхрын фоейд “Хөдөлгөөнөөр эрүүлжицгээе” үзүүлэх тоглолт болов. Энэ үзүүлбэрээр намуухан хөгжмийн аялгуунд дорнын анагаах увидастай хийн дасгал, цоглог давтамжтай орчин үеийн бүжиг, бүр зарим нь твист ч бүжиглэв. Танхимд заавал хэвшүүлэх эрүүл мэндийн 21 дадал, эрүүл мэнд, зөв зохистой хооллолттой холбоотой сурталчилгааны сам-бар олноор байрлуулжээ. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн 21 дадлыг хэвшил болгох талаар хийсэн ажлаа тайлагнаснаар энэ шатны тэмцээний эхний үе дуусав. Дараа нь диско танхимд нэгдүгээр шатны тэмцээний онцлох, хөгжилтэй агшнаар хийсэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Тэмцээний дараагийн үе их тан-химд үргэлжлэв. Гэрийн даалгаврын жүжигчилсэн тоглолтоос Эмнэлэг сувиллын албаны Довтлогч №1 багийн тархинд нь мэс засал хийж аюулгүй ажиллах зөв хандлагыг бий болгож буй жүжигчилсэн тоглолтыг үзэгчид талархан хүлээж авлаа. Дараа нь багууд гэрийн даалгаварт өгсөн “Ослыг тэглэе” 3 минутын видео кино сонирхууллаа. Эдгээр киноноос Сэлэнгэ амралтын баазын “ХАБЭА” багийн “Харандааны адал явдал”-аар бүтээсэн кино тун сонирхолтой байлаа. Осолгүй ажиллах нь яагаад хэрэгтэйг ухаарал бас хошигнолоор үзүүлсэн уг кинонд шүүгчид хамгийн өндөр оноо өгөв. Багууд гэрийн даалгаврын нэг хэсэг болох энэхүү тэмцээний үеэр мэндэлсэн ХАБЭА-н сүлд дууг дүрсжүүлэн клип хийснээ толилуулж, тайзан дээр дуулж өрсөлдөв. Энэ шатны гол хэсэг ХАБЭА-н холбог-долтой 5 багц асуулт, хариултын тэмцээн болов. Энэ үеэр үзэгчид бараг л сургалтанд суулаа. Учир нь багууд асуултанд хариулсны дараа шүүгчид тэдний юун дээр алдсаныг хэлж, зөв хариултыг маш сайн тайлбарлан таниулж байв. ХАБЭА-н тухай мэдлэгийг практик дээр хэрхэн хэрэглэж буйг шалга-сан. Тухайлбал бодит амьдрал дээр тохиолддог түгээмэл аюул зөрчлийг зургаар харуулан, аюул зөрчлийг илрүүлэх, үр дагаврыг нь тайлбарлах, засаж залруулах тухай, мөн анхны тусламжийг ямар дараалалтай хэрхэн үзүүлэх, хувийн хамгаалах хэрэгслийг хэрхэн өмсөх, түүний хамгаалах чадвар, ажлын талбарт шаардлага хангах эсэхийг тайлбарлуулан, зөв хэрэглээг бодитоор шалгав. Ингээд ХАБЭА-н мэдлэг, урлагийн авьяасаа дайчилсан багууд эн тэнцүү өрсөлдөж, багахан оноогоор Эмнэлэг сувиллын албаны баг түрүүлж, Гала тоглолтонд өрсөлдөх эрхтэй боллоо. Тэмцээний бас нэг онцлог нь ХАБЭА-н сүлд дуутай болсон явдал байлаа. “Хүнлэг гэгээн аялгуу” дууны шүлгийг Сэлэнгэ амралтын баазын орлогч дарга, яруу найрагч Н.Батжаргал, аяыг “Уурхайчин” соёлын ордны хөгжмийн багш Б.Цэрэндондов зохиожээ. Энэ удаа-гийн тэмцээн тун өгөөжтэй боллоо гэж үзэгчид ам сайтай байв. Энэ үеэр зарим хүмүүсээс тэмцээний талаарх сэтгэгдлийг сонслоо.
Довтлогч №1 багийн ахлагч Б.Оюунбямба:
-Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм журмын мэдлэгийг сорьсон тэмцээнд манай баг хоёрдугаар шатнаас шалгарсандаа баяртай байна. Тэмцээн их ач холбогдолтой боллоо. Бид аюул, осолгүй ажиллах талаар асар их зүйл мэдэж авлаа. Бэлтгэл ч нилээн их хийсэн. Унших судлах материал их байсан. Манайх үйлдвэрлэлийн цех биш болохоор бидний ажлаас хөндийдүү, мэдэхгүй зүйл их байсан. Ингээд дүрэм журам уншсанаар ХАБЭА-н мэдлэг их сайжирлаа. Биднийг дэмжсэн хамт олондоо баярлалаа. Дараагийн шатны тэмцээндээ ч амжилт гаргана гэж итгэж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчдын ХАБЭА-н сургалтанд Эмнэлгийн анхны тусламжийн хичээлийг манайхаас ордог. Цехийн ажиллагчдад энэ талын мэдлэг, мэдээлэл сайн байгаа нь тэмцээнээс харагдлаа. Энэ нь нэг талаар бидний ажлын үр дүн гэж бодож байна.
Тэмцээний шүүгч ХАБЭА-н хэлтсийн инженер Ц.Оргил:

-“Safety-First-2014” тэмцээний нэгдүгээр шатанд голдуу онолын асуулт байсан бол хоёрдугаар шатанд практик ажиллагаа руу орсон. Энэ удаагийн тэмцээнд оролцогчдоос ХАБЭА-н мэдлэгээ бодит амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгааг шалгасан.Энэ тэмцээнийг сургалтын нэг хэлбэр гэж үзсэн учраас тухайн асуултуудын хүрээнд ХАБЭА-н хэлтсийн ажилтан, тэмцээний шүүгчид үзэгчдэд дэлгэрэнгүй тайлбарлан таниулсан. Ерөнхийдөө оролцогчид маань тэмцээндээ сайн бэлтгэсэн байна. Сургалтын хэрэглэгдэхүүн болгохоор “Ослыг тэглэе” видео танилцуулга хийх даалгавар өгсөн. Сургалтанд ашиглах боломжтой танилцуулга байна. Ялангуяа Сэлэнгэ амралтын баазын кино агуулгын хувьд их аятайхан болсон. Ослыг тэглэх, аюулгүй ажиллах нь хүний амьдралын хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйл гэдгийг л харуулж чадсанаараа энэ танилцуулга сайн болсон.
Тэмцээний шүүгч, “Уурхайчин” соёлын ордны СОТС-ийн эрхлэгч Д.Ганчулуун:

Тохилог танхимд анхааралтай суух үзэгчид нь суралцагч, тэмцээнд оролцогчид сургагч багш болж, шүүгч нар дүгнэж, баталгаажуулж буйг харахад энэ тэмцээн танхимын үр дүнтэй сургалт хэлбэртэй боллоо гэж үзэж байна. Тэмцээний асуултууд тэмцээний зорилгод нийцсэн, агуулга нь баяжигдсан олон хүнд мэдээлэл түгээж байгаагаараа их ач холбогдолтой юм. Энэ тэмцээний үеэр ХАБЭА-н сүлд дуутай болж, түүнийг оролцсон багууд, дуулж клипжүүлсэн нь их сайхан боллоо. Яруу найрагч, шог зураач Н.Батжаргалын бүтээсэн “Ослыг тэглэе” видео кино, агуулгын хувьд ч, уран сайхны тухайд ч их сайн болжээ. Шүүгч бид асуулт хариултын тэмцээнд асуултанд хэрхэн хариулснаас гадна имиж хэрхэн бүрдүүлэлт, өөрийн санаагаа хэрхэн илэрхийлэх чадвар, үг тод, хурц байгаа эсэхийг харгалзан үзэж оноо өгсөн. Энэ жилийн тэмцээнд оролцогчид идэвх санаачилгатай, хамт олны дэмжлэг сайн, удирдлагын манлайлал өндөр байлаа гэв.
Я.ЭНХТУЯА















