Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулан зохион байгуулсан Төвийн бүсийн чуулга уулзалт Орхон аймагт болж, өндөрлөлөө. Тус чуулганд төвийн бүсийн 8 аймгийн удирдлага, нийт 400 гаруй зочид төлөөлөгчид оролцсоныг зохион байгуулагчид онцлов.
Чуулган “Уул уурхайн салбарын эрх зүйн орчин”, “Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц”, “Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа” гэсэн 3 чиглэлээр салбар хуралдааныг хуралдуулж, тус бүр уриалга гарган, хаалтын нэгдсэн хуралдаан дээр танилцууллаа. Хаалтын нэгдсэн хуралдааныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн удирдаж, чуулганаас гарах зөвлөмжийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал оролцогчдод уншиж танилцууллаа.
Уг зөвлөмжид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан хуулиудын багц, хууль хоорондын давхардлыг арилгах, салбарын эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байлгахад анхаарч ажиллах, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, Эрдэс баялгийн бүтээгдэхүүний олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн тулгуур уул уурхайн салбарын хөгжлийн асуудлаар улс төржихгүй байх, Компанийг чадавхижуулах, ялангуяа хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх замаар ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах, Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын зөвшилцөл тогтолцоог бүрдүүлэх, Газрын хэвлийн баялгийг хаягдал, бохирдол багатайгаар иж бүрэн ашиглах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэн тэргүүнд анхаарах, Эрдэс баялгийн салбарын мэдээллийг олон нийтэд үнэн зөв хүргэх, Шинэ технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, цаашид дэд бүтцийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах, Орон нутгаас хүнд үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төслийн саналыг бодлогын баримт бичигт тусгах, Мэргэжлийн ур чадвар, түвшинг дээшлүүлэх, Салбар үүсгэх том төслүүдийг хэрэгжүүлэх, Ииновацийн идэвхтэй бизнес үүсэх угтвар нөхцлийг бий болгох, Төвийн бүсийн хөгжлийг уул уурхайн салбарын хөгжилтэй уялдуулан бүс нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулахад анхаарал тавьж ажиллах зэрэг уриалга, саналыг тусгасан байна.
Энэхүү уриалгыг эмхэтгэн хэвлүүлж, цаашид Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон бусад холбогдох яам, газруудын бодлогын баримт бичигт баримтлан ажиллах шийдвэрийг Төвийн бүсийн чуулган гаргалаа.















