Хариуцлагатай уул уурхайг эрхэмлэж, тогтвортой хөгжлийг түүчээлэх эрхэм зорилготой уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК –ийн 1000 инженерийн зөвлөгөөн 5 дахь жилдээ боллоо. Инновацийн шинэ санал санаачилгыг өрнүүлэн, шилдэг бүтээл, техник технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинээр санаачлагчдыг урамшуулах зэрэг инновацийн хөгжлийг нэгэн дор тодорхойлдог 1000 инженерийн зөвлөгөөнийг энэ жил “Хөгжлийн цогц бодлого” сэдвээр зохион байгуулав.
Энэ удаагийн 1000 инженерийн зөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, тус газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын дарга Урангэрэл, Шинжлэх ухааны академийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ, академийн Инновацийн хэлтсийн дарга Батхуяг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон удирдлагууд, тус үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олны төлөөлөл, инженер техникийн ажилтнууд оролцлоо.
Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн үг хэлэв. Тэрээр эрхэм зочид,төлөөлөгч, хүндэт уурхайчиддаа хандан “Инженерийн боловсрол эзэмшинэ гэдэг бол нэр төрийн хэрэг. Дэлхий ертөнцөд инженер хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлэхийн төлөө улс орон бүр өөрийн гэсэн бодлоготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнтэй нэгэн адил Монгол улсын төр засаг ч инженерүүдээ дэмжих, тэдний бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээнд өрнүүлж байна. Тиймээс ч Эрдэнэт үйлдвэр энэхүү нэр хүндтэй арга хэмжээг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ зөвлөгөөнөөр бид инженерүүдийнхээ сэтгэн бодох ур чадварыг нэмэгдүүлэх, сэдэж санаачилсан зүйлийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг хангах ажлыг үе шаттайгаар хийдэг. Өнөөдрийн зөвлөгөөнд манай инженерүүдийг хүндэтгэж, тэдэнтэй санал бодлоо солилцож, цаашид шинэ техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улс орныхоо хөгжил дэвшилд инженерүүдийнхээ оролцоог улам нэмэгдүүлэхэд дэмжлэг, бодит тусламж үзүүлж, хүрэлцэн ирсэн зочиддоо Эрдэнэт үйлдвэрийн нийт инженерүүд, уурхайчдынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Тав дахь удаагийн 1000 инженерийн зөвлөгөөн Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн өмнө болж буйгаараа онцлогтой. Эрдэнэт үйлдвэрт 40 шахам жил ажиллахдаа шинжлэх ухааны үндэстэй томоохон шийдлүүдийг гаргаж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэр-шинжлэх ухааны холбоог бэхжүүлэхэд санаа бодол, цаг заваа гаргаж бүтээлчээр ажилласан болон ажиллаж байгаа үйлдвэрийнхээ үе үеийн инженерүүдэд халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе” гэсэн юм. Үүний дараа Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээмж, инновацийн үйл ажиллагааны 2016 оны тайлан илтгэлийг Хөгжлийн хэлтсийн дарга П.Ганбат танилцуулж, бүтээмж инновацийн хэрэгжилтийн талаарх богино хэмжээний видео киног оролцогчдод үзүүлэв.
1000 инженерийн зөвлөгөөний үйл ажиллагааны үеэр Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн илгээлтийг тус академийн орлогч дарга Б.Бат-Эрдэнэ уншиж танилцуулан, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гардуулсан бол Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү нийт оролцогчдод баяр хүргэж, Монгол инженерийн эрдэм ухаан, ур чадвар дэлхийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэх цаг үе ирснийг тэмдэглэн хэлсэн нь оролцогчдын урам зоригийг сэргээсэн юм. Мөн энэ үеэр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Шилдэг зохион бүтээгч”, “Шинийг санаачлагч” цол тэмдэг болон Шинжлэх ухааны академийн Хүндэт жуух бичгийг Л.Энхтүвшин, Ц.Чулуун-Эрдэнэ, Х.Оюунтунгалаг, А.Ууганбаяр нарт гардуулав.
Энэ удаагийн 1000 инженерийн зөвлөгөөнийг угтаж үйлдвэрийн Хөгжлийн хэлтсээс Хөгжлийн бодлого, Хүний нөөц, Санхүү-мөнгө, Техник технологи, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах бодлого гэсэн 5 үндсэн чиглэлээр илтгэлийн уралдаан зарласан бөгөөд эхний байранд шалгарсан 5 илтгэлийг зөвлөгөөний үеэр танилцуулсан юм. Илтгэлийн уралдаанд Баяжуулах фабрикийн инженер Д.Зоригтхүү, Хөгжлийн хэлтсийн инженер С.Нармандах, ХАБЭАБОХХ-ийн инженер Ц.Оргил, Технологийн сургуулийн СШУТ-ийн дэд профессор Л.Наранцэцэг, ХМТАЦ-ийн программ зохиогч Л.Энхтүвшин нарын илтгэл шалгарч, тэргүүн байрын шагнал хүртлээ. Мөн энэ үеэр 2016 оны шилдэг төсөл хэрэгжүүлэгч бүтээмж, чанарын дугуйлангууд болон шилдэг зохион байгуулагчдыг тодруулан мөнгөн шагнал болон гадаад, дотоодын туршлага судлах эрхийн бичгээр шагнаж урамшуулав.
1000 инженерийн зөвлөгөөний төгсгөлд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр уг зөвлөгөөнөөс гарах шийдвэрийн төслийг танилцууллаа. Уг шийдвэрийн зөвлөмжийн төсөлд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, нийт ажиллагсдад танилцуулж сурталчлах ажлыг зохион байгуулах, “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн уралдаанд ирүүлсэн мэргэжилтнүүдийн санал санаачлагыг шүүн боловсруулж, компанийн хөгжлийн бодлогод оруулах илтгэлийн уралдаанд саналаа ирүүлсэн нийт материалуудыг эмхэтгэн, хэвлүүлэх ажлыг зохион байгуулах, бүтцийн нэгжүүдийн бүтээмжийн зөвлөлийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, удирдлагын манлайллыг сайжруулах, бүтээмж инновацийн үйл ажиллагааны үр дүнгийн урамшууллын шатлалыг компанийн ажиллагсдын цалин урамшууллын систем, тэдгээрийн шалгуур үзүүлэлт болох гүйцэтгэлийн гол үзүүлэлтийн системтэй уялдуулах, бүтээмжийн менежер, чиглүүлэгчдийг сонгон шалгаруулж, томилох, цаашид мэргэшүүлж, тогтвортой ажиллуулахад Инновацийн төвийн үйл ажиллагааг чиглүүлэх гэсэн саналуудыг тусгасан байна. Зөвлөгөөнөөс гарах энэхүү зөвлөмж нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой учраас саналаа ирүүлэхийг хүссэн хүн бүхэн нээлттэй оролцож, өөрийн саналаа онлайнаар нэг сарын хугацаанд ирүүлэх боломжтой гэдгийг Хөгжлийн бодлогын газрын дарга онцоллоо.















