Жил бүрийн 5-р сард НҮБ-ээс зарлан хэрэгжүүлдэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хэвшүүлэх хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс “Хөдөлгөөний аюулгүй байдлын соёлыг нэвтрүүлье” уриан дор нэг сарын аяныг эхлүүллээ. Сарын аян зарлаж байгаатай холбогдуулан тус хэлтсээс энэ чиглэлийн холбогдох цех нэгжийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, аяны хугацаанд хийж хэвшүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн санал солилцов. “Хөдөлгөөний аюулгүй байдлын соёлыг нэвтрүүлье” аяны хүрээнд замын хөдөлгөөний дүрэм журмыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт сурталчилгаа хэлбэрээр түлхүү өгч, хөдөлгөөнд соёлтой оролцох мэдлэг мэдээллийг хэвшүүлэх зорилттой ажиллах юм.
Аяны хугацаанд Ил уурхайн нутаг дэвсгэр дэх уурхайн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг баримтлах талаар жолооч нарт ээлжит бус зааварчилга өгөх, санамж бичиг тараах, үйлдвэрийн дүүрэгт автомашинууд тогтсон нормын дагуу 40-км-ийн хурдтай явах, үүнийг хэвшүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтыг өндөржүүлж, үйлдвэрлэлийн дүүрэгт 2-3 удаа хурд хэмжилт явуулах, илэрсэн зөрчилд дүн шинжилгээ хийх, цаашид давтагтахгүй байх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн үйлдвэрийн дүүрэгт АШТП-оор нэвтэрч буй тээврийн хэрэгслийн жолооч нарт аюулгүйн бүсийг заавал бүслэх болон замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвших талаар ухаалга сурталчилгааны ажлуудыг сарын аяны хүрээнд зохион байгуулна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхийн өдрийг манай улс энэ жил “Хурдаа хасаж, амь насаа аврая” уриан дор сарын аян өрнүүлж байна.















