Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны 1,2-р байрны гаднах талбайн тохижилтын ажлыг Үйлчилгээ аж ахуйн албаны хамт олон бүтээмжийн хөдөлгөөний хүрээнд хийж эхлээд байна.
Тус албаны хамт олон дулааны улирал угтсан цэвэрлэгээ үйлчилгээний ажлаа 3 сарын сүүлээр эхэлж, хатсан навч, хог хаягдал, дээвэр засвар болон шар уснаас үүдсэн цэвэрлэгээний ажлуудыг дуусгажээ. Мөн Ерөнхий захиргааны 1,2-р байрны гадна талбай 7,3 га газрыг цэвэрлэж, 50м куб хог хаягдлыг ачуулжээ. Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг угтан тохижилт үйлчилгээний ажлаа шинэлэг хэлбэрээр хийхээр төлөвлөж буйгаа ХАБЭА-н инженер Б.Нэргүй ярив.
Үүнд Ерөнхий захиргааны 2-р байрны гадна талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хими цэвэрлэгээний хэсэгт амрах орчин бий болгох, шинэлэг загвартай цэцгийн мандлыг тарьж ургуулахаар төлөвлөжээ.
















