Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг Өргөн тээвэрлэх машин механизмын үйл ажиллагаанд хийсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтын дүн гарчээ. Уг шалгалтанд үйлдвэрийн 6 цехийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа өргөн тээвэрлэх машин механизм хамрагдсан бөгөөд шалгалтын явцад “бага эрсдэлтэй” гэсэн үнэлгээ авчээ. Шалгалтын дүнтэй холбоотой зөвлөмж зааврыг тус газраас ирүүлсэн байна.
Эрдэнэт үйлдвэрт ашиглагдаж байгаа бүх төрлийн кран, түүний зам, тельфер, цахилгаан таль, лифт өлгүүр, ган татлагат чирэх зам, кранаар ачаа шилжүүлэх зориулттай сав ачаа өргөх ээлжийн хэрэгслүүдийн аюулгүй ажиллагааг Ерөнхий механикийн хэлтэс хариуцан ажилладаг. Өнөөдрийн байдлаар, тус үйлдвэрийн хэмжээнд улсын бүртгэлтэй 127, компанид бүртгэгдсэн 281 өргөн тээвэрлэх машин механизм ашиглагдаж байна.
Механикийн хэлтсээс өргөн тээвэрлэх машин механизмын хэрэглээ, түүний үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр оосорлогч, кранчдын сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Мөн Баяжуулах фабрик болон бусад цехэд харьяалагдаж буй гүүрэн кран, вандан кран, хүн зөөврийн цахилгаан шат зэрэг өргөн тээвэрлэх машин механизмуудын ашглалтын эрсдлийг бууруулахад чиглэсэн ажлуудыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.















